УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр “Сонгогчдын нэрийн жагсаалтыг оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Бүртгэлтэй холбоотой “2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулсан.
Харин Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн байна. Мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 172 сум байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү хэлж” байлаа.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна” гэдгийг энэ үеэр сануулж байлаа.