Их хурлын намрын чуулган эхэлснээс хойш гишүүдийн ирц ямар байгаа, хэн хаашаа ямар шалтгаанаар явсан, хэдэн удаа хуралдаа суусан талаар мэдээлэл бэлтгэхээр “parliament.mn” сайтын “ирцийн мэдээлэл” гэсэн хайлтыг эрэн сурвалжилсан ч олсонгүй. Нэлээд сайн ухсаны эцэст “УИХ-ын үйл ажиллагаа” гэсэн үндсэн цэсээс “Хууль тогтоох үйл ажиллагаа” дэд цэс рүү нэвтрэн орж хуралдааны ирц гэсэн бүлгийг нээсэн ч тус хуудсанд хамгийн сүүлд 2019 оны зургадугаар сарын 07-ны ирцийн мэдээлэл оржээ.
Үндсэндээ намрын чуулган эхэлснээс хойш нэг ч удаа ирцийн тайлан тусдаа ороогүй гэсэн үг. Мөнхүү VIP76.mn сайтаар орж ирцийн мэдээлэл хайсан ч мөн л хуучирсан мэдээлэл олдлоо. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэн хаашаа яах гэж явсан, хэдэн удаа хурлаа тасалсан, чөлөө авсан шалтгаан нь юу байсан гэдгийг олон нийтээс нууцлахыг хүссэн бололтой шүү.
Харин нэлээд сайн ухсаны эцэст мөнөөх л “УИХ-ын үйл ажиллагаа” гэсэн үндсэн цэсэнд буй Нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг нэгбүрчлэн шүүхэд тэнд хэдэн гишүүн хуралдаа ирсэн, хэн тасалсан, хэн чөлөө авсан зэргийг тоймлон оруулжээ.
Тодруулбал,
- Намрын чуулган нээсэн өдөр буюу аравдугаар сарын 01-нд 56 гишүүн / Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Ц.Нямдорж, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Л.Энх-Амгалан тасалсан/
- Аравдугаар сарын 04-ны нэгдсэн хуралдаанд 59 гишүүн / Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар тасалсан/
- Аравдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанд 41 гишүүн /Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, М.Оюунчимэг тасалсан/
- Аравдугаар сарын 11-нд 54 гишүүн /Ж.Мөнхбат, Б.Наранхүү, О.Содбилэг, Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нар тасалсан/
- Аравдугаар сарын 17-нд 41 гишүүн /С.Жавхлан, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан нар тасалсан/
- Аравдугаар сарын 18-нд 48 гишүүн / Б.Наранхүү, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар тасалсан/
- Аравдугаар сарын 24-нд 59 гишүүн /Б.Наранхүү, Ц.Цогзолмаа нар тасалсан/
- Аравдугаар сарын 25-нд 42 гишүүн /Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар тасалсан/
- Аравнэгдүгээр сарын 08-нд 38 гишүүн /Б.Наранхүү, Н.Номтойбаяр/
- Арваннэгдүгээр сарын 22-нд 43 гишүүн /Ж.Батзандан, Б.Наранхүү/
- Арваннэгдүгээр сарын 29-нд 51 гишүүн /Б.Наранхүү, Ш.Раднаасэд, Н.Номтойбаяр/
- Арванхоёрдугаар сарын 12-нд 44 гишүүн тус тус хуралдаанд оролцжээ.
Намрын чуулган эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд УИХ-ын чуулган дандаа 60-аас доош гишүүний ирцтэй хуралдаж байсан гэсэн үг. Харин үлдсэн нь шалтгаангүй тасалж, эсвэл өвчтэй, чөлөөтэй гэсэн шалтгаанаар хуралдаа ирээгүй. Энэ байдлаараа ирэх хаврын чуулганы ирц санасан хэмжээнд байх эсэх нь ч эргэлзээтэй болж байгаа юм. УИХ-ын гишүүд хурлаа таслах, чөлөө авахад хэдхэн чухал шалтгаан бий. Нэгдүгээрт, ар гэрт нь хувийн асуудал гарсан, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж зөвтгөж болно.
Хоёрдугаарт, тэд сонгууль дөхсөн энэ цаг үед тойргоо тойглох гэсэн хамгийн том ажлаа огтхон ч орхихгүй хийж байгаа учраас хууль боловсруулах, батлах үндсэн үүргээ мартчихаад байгааг энд асуудал болгож хөндөхийг хүслээ. Зөвхөн хоёрхон сарын чуулганы хуралдааны хугацаанд нэг ч удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 75-уулаа сууж хуралдаагүйг дээрх тоон баримт харуулж байгаа биз.
Тэгэхээр байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд ямар байдалтай оролцдог болохыг уншигч та бичүүлэлтгүй ойлгох байх аа. Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хурууны хээг нь ирцээр бүртгээд ч ахиц дэвшил гараагүйг эндээс харж болно. Тэгэхээр “тойрогтоо ажиллах” гэсэн хурал таслах нэг том учир шалтгааныг жаахан цензуртэй болгоход гэмгүй санагдах юм.
Тухайлбал, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь намар, хаврын чуулганы завсарлагаанаар л зөвхөн тойрогтоо ажиллана. Мөн УИХ-ын даргын томилолт, томоохон хууль тогтоомжийг сурталчлах, мөн санал авах үед тусгай томилолтоор ажиллана. Бусад үед бэлэг сэлт тараасан, сугалаа явуулсан, дуу хуурын тэмцээн наадам зохион байгуулсан бол сонгуулийн сурталчилгаанд тооцно гэх мэтээр зааглаж өгөхгүй бол сонгогдсон дөрвөн жилийнхээ ихэнх хугацаанд дараагийн сонгогдох боломжоо бүрдүүлэхэд зарцуулдаг Б.Наранхүү шиг улстөрч Монголын парламентад дэндүү олширчээ.
Мөн УИХ-ын гишүүдийн тайлангийн сэтгүүл гэгч нь чин үнэндээ сонгуулийн сурталчилгаа, тараах материалаас ялгарах зүйл алга болсон. Сэтгүүл дээрээ “Тэддүгээр тойрогт нэр дэвшигч тэрний сонгуулийн сурталчилгааны материал. Намайг дэмжээрэй” гэх үг бичээгүй учраас сонгуулийн сурталчилгаа гэж үздэггүй. Гэсэн ч сэтгүүлийг дагалдаад мөнөөх л “бэлгийн дарамт” явсаар байгаа учраас шууд болон шууд бус утгаараа далд сурталчилгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Үүнээс гадна бэлэг тараадаг, сугалаа явуулдаг далд сурталчилгааг хэдий болтол өөгшүүлэх билээ.
Ард түмний сонголтыг мөнгөөр худалдаж авах хууль бус үйлдэл чинь ганцхан сонгуулийн өдөр болдоггүй юм. Бүтэн дөрвөн жил үргэлжилж байгаа энэхүү хууль бус үйлдэл иргэдийн сонголтод шууд утгаар нөлөөлж байх аж. Тухайлбал, намрын чуулганаар нэн чухал хуулийн төслүүд хэлэлцэж буй энэ үед олон ч гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гэхэд л Ренчинлхүмбэ, Цагааннуур, зэрэг тойргийнхоо сумдад азын сугалаа зохион байгуулсан сурагтай. Зургаан ширхэг “Huawei“ маркийн гар утасны сугалаа явуулсан гэх.
Мөн өөрийнх нь нэр дээр байдаг “Хөвсгөл хөгжил” сангаас гэр тараажээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн иргэдийн дунд мөн л сугалаа зохион байгуулж байлаа. Жил бүхэн бэлэг тараадаг гэдгээрээ бүр алдартай болсон. Тэр ч байтугай аймгийн сонинг хэвлэдэг хоёр хүнд ч төрийн шагнал авч өгч байна шүү дээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор руу очих бүртээ л данх, бидон, хивс, халуун сав зэрэг олон янзын бэлэг тараадаг, эсвэл сугалаа явуулдаг. Л.Элдэв-Очир ч ялгаагүй. Энэ мэтээр тойрогтоо сугалаа явуулах, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр тойргийн сонгогчдоо авлигадах байдал сонгууль дөхсөн энэ цагт улам бүр нэмэгдэж байх аж. Бүр валентинаар романчиглахаа ч мартахгүй ээ.
Монголын ард түмнийг “азын сугалаагаар” авлигадаж байна шүү дээ, тэд. Хандивын гэр тараах, уулзалт зөвлөгөөн ивээн тэтгэх, байгууллагуудыг хүсэлтийнх нь дагуу техник хэрэгслээр хангах, хувцас бэлэглэх зэргийг авлига гэж тооцохгүй юм гэхэд улаан цагаандаа гарч уралдаан зохион байгуулсан нэрийдлээр бэлэг тараадаг, сугалаа нэрийн дор иргэдээ авлигадаж байгаа улстөрчидтэй хариуцлага тооцох ямар ч боломж алга байна, манай улсад. Зарим нь бүр төсвийн мөнгөөр тойргийнхоо оюутнуудад дотуур байр хүртэл барьж өгч байна шүү дээ.
Төрд сонгогдсон улстөрчид нь энэ мэтээр давуу байдлаа дөрвөн жилийн хугацаанд байнга ашиглаад байгаа учраас тэнд тойрог горилсон хүмүүс нь хүртэл дутахгүй бэлгээр өрсөлдөх болов. Өөрийнхөө нэр дээр элдвийн ТТБ байгуулчихаад эмч дагуулж очиж үзлэг шинжилгээ хийлгэнэ. Үсчний үйлчилгээ явуулж хүртэл үзлээ. Өөрийнхөө нэрээр сан байгуулсан зарим нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд цүнх хүртэл тарааж сурталчилгаа хийж байна шүү дээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй Зам тээврийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэхэд л “Ус мөрөн олон” гэсэн нэртэй ТББ-ын нэрээр “Эрүүл Сэлэнгэчүүд” хөтөлбөр хэрэгжүүлж, Манжуураар аялуулж, үсчний үйлчилгээ үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийв.
Мөн шинэ жилээ архигүй тэмдэглэхээр нэгдсэн найзуудын бэлэг хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мөнгөн хандив хүртэл өгсөн нь далд утгаараа сонгуульд бэлтгэсэн шоу гэдгийг нуугаад яах юм. Энэ бүхэн маш нарийн зохион байгуулалттай явдаг учраас хэн ч сонгуулийн сурталчилгаа гэж харахгүйд л учир байгаа. Үүнээс гадна нэр бүхий хэд хэдэн сайтууд нэр дэвшигчийн рейтинг тогтоох судалгааг хүртэл явуулж эхэлжээ.
Харин төрийн хууль энэ мэтэд огтхон ч хүрч үйлчилдэггүй нь хачин шүү. Тэгэхээр ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гэж буй гурван шатны сонгуулийн хуульдаа энэ асуудлыг илүү тодорхой тусгаж өгөхөд буруудах зүйл алга байна, УИХ-ын дарга аа, ажлын хэсгийн ахлагч аа. Тухайн тойрогт нэр дэвшигч болон тойргоос сонгогдсон улстөрч ядахдаа сонгууль болох хүртэл нэг жилийн хугацаанд элдвийн бооцоот тэмцээн, сугалаа, баяр ёслолыг далимдуулсан бэлэг, хүндэтгэл үзүүлэх зэрэг гарын бэлгээс татгалзах ёстой гэж хуульчилъя.
Ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд өрсөлдөгчийнхөө боломжоос хулгайлсан, эсвэл сонгогчийг авлигадахыг оролдсон гэж сонгуульд нэр дэвших эрхгүй болгодог хуулийн төсөл хэрэгтэй болжээ. Тун удахгүй шинэ жил болно, үргэлжлээд цагаан сар. Тэгэхээр улстөрч бүхэн хэдэн бэлэг боочихоод тойрогтоо ажиллах нэрийдлээр төрийн ажлыг дахиад бүтэн хоёр сар таслах нь тодорхой байна.
Энэ мэт явцгүй авлигаас дэлхий нийтээрээ татгалзчихаад байна, цаана чинь. Японы Хуульзүйн сайд төсвийн мөнгөөр дэвүүр тараасан хэрэгт холбогдон уучлалт гуйгаад огцорч байсан бол Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд нь хотын иргэдэд наймаалж өгсөн асуудлаас үүдэн ажлаа өгч байлаа. Харин манайд төсвийн мөнгөөр тойргийнхоо оюутнуудад дотуур байр барьж өгдөг, бүр төсөвт тусгасан бүтээн байгуулалтаа өөрийнх мэтээр өмчилчихөөд ярьж явах нь хэр зохистой юм бэ, УИХ-ын дарга аа.