ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.А.Павлов “УБТЗ” ХНН-т “хариуцлага тооцох”-оор ирэх үү

O.Admin
2019-12-17

Одоогоос сар гаруйн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр, “Эрүүл мэндийн шалтгааны улмаас тэтгэвэрт гарахаар шийдсэн” хэмээн мэдэгдсэн ч ОХУ-ын зарим хэвлэл мэдээллээр түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, эрх мэдлээ урвуулан ашигласан учраас ажлаа өгөхөөс өөр аргагүй болсон хэмээн бичиж байлаа. А.С.Мишарины тухайд компанидаа олон улсын хамтын ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн асуудлыг ч хариуцдаг байсан гэсэн үг. Тэгвэл мөн сарынхаа 23-ны өдөр түүний ажлыг орлон гүйцэтгэх дараагийн хүн тодорхой болсон байдаг.

Тодруулбал, “Оросын төмөр замууд” НХН-ийн охин компани болох “Оросын төмөр замууд интернэйшнл” компанийн тэргүүн С.А.Павловыг орлогчоороо авна гэдгээ Олег Белозеров сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм. ОХУ-ын хэвлэлүүдийн бичиж буйгаар С.А.Павлов нь тун ч шударга нэгэн бололтой. Тиймдээ ч олон улсын хамтын ажиллагааны чиглэлд ч элдвийн асуудал байгаа бол нягталж шалгана, авлига албан тушаалын асуудлаар тууштай байр суурьтай байхаа амлаж байсан билээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар, ажлаа аваад удаагүй байгаа С.А.Павлов энэ сарын сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 24, 25-ны үед Монголд ирж магадгүй юм байна. Улмаар, Ерөнхий хорооны хурлыг хийж, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны нэр бүхий гишүүдийг өөрчилж магадгүй гэх. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороо нь зургаан гишүүнтэй бөгөөд Монголын талаас гурван гишүүн байдаг.

Тодруулбал, Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Зам тээвэр, хөгжлийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар байдаг билээ. Тэгвэл эдгээр залуусын албан тушаалтай холбоотой асуудал яригдаж магадгүй нь ээ.

Учир нь, Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөх, Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж магадгүй байгаа. Сонгуулийн хууль хэрхэн батлагдахаас түүний шийдвэр өөрчлөгдөж мэдэх ч тойргоо тойглох ажлыг жилийн өмнөөс эхлүүлсэн учраас улс төрийн сонгуульд нэр дэвших нь тодорхой байгаа юм. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө ажлаа өгч магадгүй гэх яриа гарчээ.

Мөн энэ хурлаар авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод буй “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал яригдаж магадгүй гэсэн хүлээлт бий. Учир нь Д.Жигжиднямаа нь оффшор бүсэд дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан, хугацаа дууссан вагон хилээр нэвтрүүлсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан олон хэргээр өдгөө ч АТГ-т шалгуулж буй.

Тиймдээ ч гадаад талдаа нэр хүндээ өсгөхийн тулд С.А.Павлов Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан тушаалтнуудтай авлига, албан тушаалын асуудлаар хариуцлага тооцно гэх хүлээлт бий болов. Нөгөөтэйгүүр, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан С.А.Павловт ажлаа авсных нь дараа захидал бичиж, “УБТЗ” ХНН-ийн даргаар Д.Жигжиднямааг үргэлжлүүлэн ажилуулахыг дэмжихийг хүссэн гэх яриа ч энэ салбарт гарсныг нуугаад яахав.

Мөн Б.Энх-Амгалан сайдад тус нийгэмлэгийн зүгээс 252.9 сая төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер-200” маркийн автомашин ашиглуулж, бүр жолоочийнх нь цалинг төлдөг гэсэн баримт ч хэвлэлээр гарч байлаа. Энэ мэт эрх ашгаас үүдэн Д.Жигжиднямааг энэ суудалд нь авч үлдэх сонирхол байв уу, эсвэл эндээс том зүйл байна уу гэдгийг хэлэхэд бэрх ажээ. Гэвч, МАН-ынхан 2020 оны сонгуульд авлигач, хулгайчдаасаа салж орно гэдгээ мэдэгдээд буй.

Тэр өнцгөөс харвал авлига, албан тушаалын олон хэргээр АТГ-ын үүд сахиж буй Д.Жигжиднямааг явуулах нь нэр хүндэд нь хэрэг болно. Төмөр замын салбартай ажил амьдралаа холбосон 120 гаруй мянган сонгогчийн санал нэр цэвэр удирдагчийг л дагаж ирнэ үү гэхээс дөрвөн жилийн хугацаанд дандаа авлигын хэрэг, эсвэл ажилтан нь амиа алдахад хааж, нуугаад өнгөрдөг байсан даргатай хамт ирэхгүй гэдгийг Ерөнхий сайд ч тооцож суугаа биз. Тиймдээ ч ирэх долоо хоногт болох тов дуулдсан энэ удаагийн хуралдаанаар нэлээд олон албан тушаалтны асуудлыг шийднэ гэсэн хүлээлт бий болжээ.