ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэнэгүүдийн дууль

O.Admin
2020-01-13

Парламентын танхимд тэнэгийн туйлд хүрсэн хоёр улстөрч байнга хэлхэлдэж явдаг болсон нь Ж.Батзандан, Л.Болд нар. Цагтаа дипломат албан тушаал хашиж, хал үзэж хашир суусан улстөрч хэмээн үнэлэгдэж явсан Л.Болд “поп”-ын хаан Ж.Батзандантай ямар учрал ерөөлөөр очиж наалдсаныг бурхан л мэдэх байх.

Төрийн сайдаас эхлээд төр түших боломжийг нь олон удаа олгосон Ардчилсан намаасаа гарч, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ нам гэгчийг тэр хоёр байгуулсан юм. Гэвч ардчиллаас нэрээ салгаж, улс төрийн намын дарга нар болсон ч энэ хоёр хүний тэнэглэл төгсөхгүй бололтой шүү. Үйлтэй ч хүмүүс юм даа, бид. Хэзээ ухаан орж, “поп”-уудыг төрд гаргадаг буруу сонголтоо залруулах юм бол.

Өөрсдийгөө энэ төрийн хамгийн шударга гишүүд гэдэгт итгэчихээд долоо хоног болгон мэдээлэл хийж, буруу зөрүү ярьж суудаг боллоо. Тэд өнгөрөгч баасан гарагт ахмадуудад тэгш боломж олгох ёстой хэмээн жагсаал цуглаан хийв. Халамжийг хавтгайруулах ёстой хэмээн жагсаж, цуглаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Нөгөөхийг нь сайтууд “Тэтгэврийн зээлгүй ахмадууд уйлж байна” хэмээн гарчиглаад сэвж байх жишээтэй.

Хүний өмнөөс ичнэ гэдэг юутай гутамшиг. Мөн нэг сумаар хоёр туулай гэгчээр жагсаалын үеэр нэр бүхий шүүгч нарыг огцруулах албан бичигт ч гарын үсэг зуруулаад амжжээ. Төгс попрол, тэнэглэл гэдэг л энэ байх. Ерөөс хаана л эрх ашиг, албан тушаал, мөнгө үнэртсэн асуудал байна, тэнд л манай хоёр “тэнэг” давхиж очоод улс төр хийж байдаг нь бас худлаа биш билээ.  

Өнгөрөгч онд УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах асуудалд тэр хоёр оройлон оролцсон. Энэ хүнийг суудлаас зайлуулчихвал шударга ёс тогтоно хэмээн жагсаж, тэмцсэн билээ. Гэвч өнөөдөр бахь байдгаараа л байгаа. Шударга ёс тогтсонгүй. Амьдрал ч сайжирсангүй. Харин эрхэм хоёр улстөрчийн ах дүү амраг садан нь албан тушаалд л очсон байх. Ж.Батзандангийн төрсөн ах нь Хөх хотод дэд консул болж дэвшив.

Дэргэдээ олон жил дагуулсан намынхаа нарийн бичгийн даргыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилуулж чаджээ. Төрсөн эгчтэй нь нийлж хуулийн фирм байгуулж авсан тэр нөхөр мэдээж томилуулсан хүндээ л үйлчлэх нь тодорхой. Угтаа хууль шүүхийн байгууллагыг атгах гэсэн шударгын дүртэй попын холын санаархал биеллээ олов. Одоо харин өөрийнх нь болон намынх нь нарийн бичгийн даргын өмнө хөндөлсөж мэдэх хүмүүсийг зайлуулахаар огцруулах бичиг гэгчид гарын үсэг зуруулж эхлэв бололтой.

Энэ мэтээр М.Энхболдыг огцруулсныхаа шагналыг хангалттай авсан юмсан. Гэтэл хөхөө өвлийн хүйтнээр хэдэн ахмадуудыг төв талбайд цуглуулчихаад “поп” улс төрийн тоглолт хийж байна, тэд. Мэдээж зээлгүй ахмадуудад төр боломж олгох ёстой. Түүнийг ч улстөрчид яриад хүн нэг бүрт сая төгрөгийн үнэт цаас олгохоор болж баталлаа. Гэтэл энэ мөнгө хангалтгүй байна, 770 тэрбумаа бүх ахмадуудад хувааж өг хэмээн жагсаж тэмцэж буйг үнэндээ ойлгосонгүй.

Хэрвээ халамжийг хавтгайруулсан тохиолдолд энэ улсын эдийн засаг ямар байдалд орохыг тэд мэдэх болов уу. Зах зээлд бэлэн мөнгө шууд нийлүүлснээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Дагаад шатахууны үнэд ч өөрчлөлт орно. Инфляци өсөх, монгол төгрөг үнэгүйдэх гэх мэтээр сөрөг үр дагавар олон гарна. Тиймдээ ч улстөрчид бэлэн мөнгө нийлүүлэхээс татгалзаж, хамгийн зорилтот бүлэг рүүгээ анхаарлаа хандуулав.

Зээлтэй байгаа ахмадуудын зээлийг ижил тэгш тэглэх, зээлгүйд нь үнэт цаас эзэмшүүлэх байдлаар асуудлыг шийдэж байна. Их хэмжээний бэлэн мөнгө зах зээлд нийлүүлэхээс татгалзаж, дагаад гарч болох эрсдлийг ч тэд нарийн тооцооллоо. Гэтэл хэдэн хөгшдийг хөгийн улс төрдөө ашиглаж, бэлэн мөнгө тараа хэмээн жагсаж, уриа лоозон барьж зогсоно гэдэг бол хэрхэвч эрүүл хүмүүсийн хийх үйлдэл биш билээ. Ж.Батзандангаас түүнийг даган хөөрцөглөж яваа Л.Болд хоёроос л ийм санал, санаачилга гардаг байх.

Төр самрах, ард түмнийг талцуулах ажилдаа яаж гаршсан бэ гэдгээ л энэ хоёр харуулж байна. Зээлгүй ахмадуудын тухайд амьдралын боломжтой, үр хүүхэд нь мөнгө төгрөгөөр тэтгэчихдэг хүмүүс байдаг гэж ойлгож болно. Мөн цагаан сараар зээл авах гэж хүлээж байсан нь ч бий. Тийм байлаа ч халамжийг хавтгайруулах нь хамгийн хортой зүйл учраас ядарсан хэдэн хөгшдөд гараа сунгасан төрийн шийдвэрийг ингэж үнэгүйдүүлмээргүй байх юм. Хэрвээ хөгшдөд бэлэн мөнгө тараахгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлана гэж сүрдүүлж ч байх шиг. Золоор Л.Болд, Ж.Батзандан хоёрыг дагаж “тэнэглэх” хүн тийм ч олон биш нь сайхан юм даа. Хөхөө өвлийн хүйтнээр хэдэн ахмадуудаар улс төр хийж, ирэх сонгуулийнхаа пиарыг хийж яваа энэ хоёрын тэнэглэл газар авахгүй дуусаасай гэж залбирч сууя даа. 

Б.ЭРХЭС