ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р.Амаржаргал нарыг АН-аас хөөгөөгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-01

Нийтлэлч Баабар өчиг­дөр өөрийн твиттер хуудсандаа “АН-аас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүү­жин, Э.Бат-Үүл, Баабар, Д.Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн пост оруулсан юм. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч АН-аас Ч.Сайханбилэг тэргүүтэй улстөрчдийг хөөлөө. С.Эрдэнийн фракци буюу “Шонхор” өөрийн ноёрхлоо тогтоож эхлэв гэх мэтээр мэдээлээд авсан. Энэ талаар бид АН-ын хэвлэл мэдээллийн албатай холбогдож тодруулахад “Хөөсөн асуудал биш. АН-ын дотоод сонгууль, эргэл­тийн сонгууль болж байгааг санаа­тай­гаар мушгин гуйвуулсан асуудал. Ро­таци буюу Эргэлтийн сонгууль дүр­мийнхээ хүрээнд захирагдаж явах ёстой. Энэ дүрмээр намын удирд­лагын бүрэлдэхүүний нэг хэ­сэг буюу Үндэсний бодлогын хо­рооны гишүүдийн оролцоог онооны сис­темээр эрэмбэлэх ёстой юм. Энэхүү оноог АН-ын ХЭГ, Бодлогын ерөнхий зөв­лөл, дүүргийн намын хороо гэсэн гур­ван субьек­тээс гаргана. Харин эмэгтэй­чүүд болон залуучуудын квотоор ҮБХ-нд сонгогдсон гишүүдийнхийг на­мын дэргэдэх залуучуудын болон эмэг­тэйчүүдийн байгууллагын өгсөн оноогоор ротацид оруулах эсэх нь шийдэгдэж байгаа. Тэгэхээр тухайн ҮБХ-ны гишүүн намынхаа үйл ажил­лагаанд хэр идэвхтэй оролцсоныг дээрх гурван субьектын оноо өгсөн байдлаас нь харж болно. Дээрх нэр бүхий эрх­мүүд Бодлогын ерөнхий зөвлөл, АН-ын ХЭГ-аас оролцооныхоо дагуу зо­хих оноогоо авсан. Харамсалтай нь, Баян­зүрх дүүргийн АН-ын хорооноос хоёулаа “0” гэсэн оноо авсан нь энэ удаагийн ротацид орох гол шалтгаан болсон. Түүнээс хэн нэгэн дарга, эрх мэдэлтний гарын үзүүр, хүсэл зо­ригоор шийдэгдсэн асуудал биш юм” гэв. Ротацид орно гэдэг нь АН-ын гишүүнээс хасагдах, мөн дотоод сон­гууль оролцох эрхээ хасуулах асуу­дал биш юм байна. Харин намын хо­рооны үйл ажиллагааг идэвхжүүлж, ги­шүүд удирдлагын бүрэлдэхүүнийхээ орол­цоог дээшлүүлэх нэг хөшүүрэг гэж АН-ын удирдлагууд үзэж байгаа аж. Мөн ротацид орж байгаа гишүүд До­тоод сон­гуульдаа дахин нэр дэвшиж сон­гог­дох боломж нь бүрэн нээлттэй бай­гаа аж. Ротацид орохоор болсон олон хүн энэ боломжоо ашиглахаар нэрээ бүрт­­гүүлсэн бөгөөд дээрх намаасаа хөөг­дөхөөр болсон гэх улстөрчид ч түүнд багтсан аж.