ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгт УИХ-ын 13 гишүүн 24 хүн, Дэд сайд асан Б.Цогтгэрэл 10 хүн “шахжээ”

А.ОДСҮРЭН
2020-01-14

-Намын болон улстөрчдийн дэмжлэгтэй эдгээр хүмүүс бүгд дарга, орлогч, инженер, ня-бо, аудитор гэсэн албан тушаалд томилогджээ-

 

Төрийн албан тушаалыг “60 тэрбум”-аар арилжаалах схемийг хэдийгээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй зохиосон хэмээн буруутгагдаж, туслах А.Ганбаатарын хамтаар шүүхээс ял сонссон ч энэ схем өнөө хүртэл үргэлжилсээр байгаа гэвэл уншигч та итгэх үү. Учир нь шат, шатны сонгуульд МАН-ынхан ялалт байгуулсны дараа М.Энхболд УИХ-ыг даргалж, түүний фракцийн залуус албан тушаалд очсон байсан учраас төрийн албаны шат дамжлага бүрт “60 тэрбум”-ын схемээ хэдийнэ хэрэгжүүлчихээд байсан нь худлаа биш билээ. Үүний тод жишээ буюу жижигрүүлсэн хувилбар нь өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хэрэгжсэн гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй нь ээ. Учир нь энэ байгууллагыг өдгөө ч удирдсаар байгаа Д.Жигжиднямаа болон тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн яамны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл нарын хуудуутай үйлдэл гурван жил гаруйн хугацаанд АТГ-ын даргын ширээний нүдэнд дарагдаж, албан тушаалаас нь хэн ч буулгаж чадсангүй. АТГ-т шалгуулж буй төрсөн дүүтэйгээ нийлж оффшор бүсээр мөнгө угаасан, төмрийн сэг болсон вагоны хэргээс гадна Д.Жигжиднямаа гэгчийн халж сольсон хүмүүсийн жагсаалт өдгөө 300-г хол давжээ. Эсрэгээрээ түүнийг тойрон хүрээлэгч УИХ-ын гишүүд, сайд дарга нарын шахааны хүмүүс энэ байгууллагад даргаас нь эхлээд хэвлэлийн алба хүртэл чихэлдэн ажиллаж буй учраас огцруулах асуудлыг хэн ч хөндөж зүрхэлдэгЛгүй бололтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ байгууллагад нийтдээ 210 гаруй хүн ямар нэг дарга, цэргийн захиас даалгавраар ажилд орж, оронд нь тэр тооны хүмүүс ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэх мэдээлэл бидэнд олдлоо.

 

Үндэслэлгүй халагдсан хүмүүст 400 сая төгрөгийн нөхөн олговор төлнө 

Тухайлбал, шинэ оны өмнөхөн буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн гарын үсэг бүхий А-548 тоот тушаал гарчээ. Уг тушаалд Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг болох “УБТЗ”-ын “Шалган байцаах комисс”-оос гаргасан зөрчил дутагдлуудыг арилгах үүрэг чиглэл өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2018-2019 оны үйл ажиллагаанд хийсэн тус комиссын илрүүлсэн 24 зөрчил дутагдлыг арилгана гэсэн үг. Тэнд нь үндсэн хөрөнгөд байхгүй Москва дахь байр, 53 вагон бүртгэлтэй байгаа асуудал, “Жаст” группын 2017 оны долдугаар сард төлөх ёстой 321281.1 мянган төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран барагдуулаагүй зэрэг олон ноцтой зөрчлөөс гадна Хөдөлмөрийн хууль зөрчин ажлаас халсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгө нь 400 сая төгрөгт хүрсэн талаар дурджээ. Нэгхэн жилийн хугацаанд буюу 2018 оны хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад удирдлагууд нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж 2018 онд 230 гаруй сая төгрөгийг ажлаас халагдсаны нөхөн төлбөрт өгсөн бол 2019 онд дахиад анхан болон давж заалдах шатны шүүхээр 110 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Энэ бол төрийн албыг төрлийн алба болгож, удирдсан салбартаа халаа, сэлгээг баруун зүүнгүй хийж байгаа нь МАНдуулсан сонголтын тод жишээ юм. 

 

Ш.Раднаасэд, Б.Ундармаа, Б.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд өөрийн хүнээ төмөр замд ажилд оруулжээ

Өмнө хэлсэнчлэн, 2016 оноос эхлэн тус байгууллагад халаа сэлгээ хийгдэж, зөвхөн хоёр жилийн хугацаанд 210 гаруй хүн албан тушаал дээшилж, эсвэл гаднаас хэн нэг даргын захиасаар жолоочоос эхлээд албаны даргын суудалд томилогдсон байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “ТБД андууд” компанид менежерээр ажиллаж байсан Д.Энхцэцэг гэх бүсгүй 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн тус байгууллагын Нэгдсэн засварын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Мөн л эрхэм гишүүний дэмжлэгээр Р.Өнөржаргал гэх бүсгүй Хангамжийн албаны Ерөнхий нягтлан бодогчоор, Удирдлагын менежмент хариуцсан албанд Г.Ганболд нар тус, тус томилогджээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Улаан-Үүдийн төлөөлөгчөөр Ч.Өлзийтогтох гэгчийг, УИХ-ын гишүүн, Б.Энх-Амгалан Б.Энхбаяр гэгчийг Бээжингийн тэргүүнээр, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Б.Ганчулуун гэгчийг МСҮТ-ийн даргаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Б.Навчаа гэгчийг Удирдах газарт албаны даргаар, ЗҮШАА-ны даргаар Г.Цогтбаатар, МСҮТ-д О.Энхтөр гэгчийг шахсан байна. Харин МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Бат-Энх П.Сэрдамба гэгчийг “Замчин” спорт хорооны эрхлэгчээр, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гаалийн хэлтсийн даргаар С.Саяран гэгчийг тус, тус томилуулахаар захиас даалгавар өгч, эдгээр хүмүүс ч өдгөө сайн ах, эгчийнхээ буянаар өндөр хангамжтай газарт албан тушаал эрхэлж байгаа юм.

2018 оноос өмнө Зам тээврийн яаманд дэд сайдаар ажиллаж байсан, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл л гэхэд “Дэд сайдын хүн” гэсэн албан бичгээр 10 гаруй хүн ажилд оруулжээ. Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр П.Дорждагва гэгч мөн л төмөр замд Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байсан гэх. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэсэн мэдээлэл олдсоныг тооцвол өдгөө Сангийн яам руу шилжсэн байж магадгүй байгаа юм. Учир нь Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаа П.Дорждагва гэх адилхан нэртэй хүн ажилладаг аж. Үүнээс гадна намын даргын дэмжлэгтэй ирсэн Б.Давхарбаяр гэгч ВОХР-ын даргаар ажилладаг бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Аж ахуйн хэлтсийн даргаар Д.Ганбаатар гэгчийг томилуулахаар нөлөөлсөн гэх мэдээлэл бидэнд олдлоо. Дэд сайд, сайдын гарын үсэгтэй, зөвхөн Ардын намаас гэсэн цохолттой 30 гаруй хүн өнгөрсөн гурван жилд албан тушаал ахиж, ажил мэргэжлээ сольж, УБТЗ-д хоргодсон байгаа юм. Мод боловсруулах үйлдвэрийн дарга, Төмөр бетон дэрний үйлдвэрийн дарга, Автобаазын дарга нь бүгд л МАН-ын дарга, Ерөнхий сайдын “хүн” гэсэн автор, өргөдлөөр Улаанбаатар төмөр замд гаднаас томилогдож ирсэн байна. Төрийн албаны мерит зарчим хаа хаанаа алдагдсан, ажил мэргэжлээрээ ахиж дээшлэх боломж энэ байгууллагад байхгүй гэдгийг дээрх шахааны албан тушаалтан дарга сэтэртнүүдээс та бид харж байна. “60 тэрбум”-ын автор хэмээн нэрлэгдэж, албан тушаалаа өгчихөөд буй МАН-ын дарга асан М.Энхболд хүртэл Эмнэлэг, эрүүл ахуйн албаны даргаар Дэд сайд асан Д.Атармаа гэгчийг ажиллуулах үүрэг чиглэл өгсөн гэж, тухайн байгууллагын ажилтнууд ярилцаж байлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн захиас даалгавартай хоёр ч хүн инженерээр ажилладаг.  Дотоод аудитын албаны дарга, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас түдгэлзүүлэх бичиг авч байсан, Дэд сайд асан Б.Цогтгэрэлийн найз Ж.Пунцаг өдгөө тус албанд Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд эргэн тойрны маш олон хүмүүсийг УБТЗ-д ажилтнаар шахжээ. Тодруулбал, Ж.Пунцагийн хүн гэсэн автортай нийтдээ 10 гаруй хүн ажиллаж байна. 

 

Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл Москваг зорьсон уу  

Төмөр замд “хаант” улсаа байгуулах нь холгүй аашилж, өөрийн шахааны тойрон хүрээлэгч нарт албан тушаал бэлэглэсэн Дэд сайд асан Б.Цогтгэрэл өнөөдөр ОХУ-ыг зорьсон гэх мэдээлэл байгаа юм. Учир нь шинэ оны өмнөхөн болох байсан Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг болох УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал хойшлогдож, энэ сарын 15-нд Москва хотноо болох тов зарлагдсан байна. Тиймдээ ч Монголын талаас Б.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс оролцохоор болжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр тойрог тойглож явсан Б.Цогтгэрэл сонгуульд өрсөлдөх санаархлаа бүрмөсөн орхижээ гэсэн үг. Учир нь тэр Зам тээврийн сайдын зөвлөх гэсэн сонгуульт албан тушаалаас гадна УБТЗ ХХН-ийн Ерөнхий хорооны орлогч даргын албан тушаалтай. Төрийн албаны болон Сонгуулийн хуулиар төрийн өмчтэй компанудын ТУЗ-ийн дарга нар ажлаас чөлөөлөгдөх ёстой бөгөөд ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга ч үүнд хамаатай юм. Тиймээс нэр дэвших мөрөөдлөө гээж, харин төмөр замыг төрлийн алба болгохоор тэр шуударсан бололтой. Бид дараагийн дугаартаа төмөр замыг дагасан бүсэд аль нам ялалт байгуулдаг, бүс дагасан сонгогчдын судалгааг хэрхэн гаргадаг талаарх материалыг хүргэх болно.