ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засагласан жилүүддээ МАН бардаж, АН задарч явжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-16

Монгол Улсыг 1992 оноос эхлэн МАН болон АН хоёр ээлжлэн удирдаж, Засгийн эрх барьсан хугацаанд ямар, ямар шийдвэрийг гаргасан талаар тоймлон хүргэж байна. Тухайлбал, намын гол бодлогыг Засгийн газрын эрх мэдэлтэй  хамтад нь атгасан  Ерөнхий сайдууд нууц захидлаас болон улс төрийн өшөө авалтаас болж Засгийн газрыг огцруулж байсан түүхийг ч унших болно. Зарим нь картын барааг халсандаа хагартлаа баярлаж байхад дэлхийд томд тооцогдох гайхамшигтай гадны улсад үнэгүй шахам өгчихөөд Монголын эдийн засаг түүхэндээ байгаагүйгээр өссөн хэмээх тайлбарыг сонсож байлаа. Ингээд ялсан, ялагдсан намын талаарх мэдээллийг хүргэж байна. 

1992-1996

Ялсан: 

МАН:

МАХН буюу одоогийн МАН-ын даргаар 1991-1996 онд  Б.Даш-Ёндон удирдаж байсан билээ. Харин Ерөнхий сайдаар П.Жасрай ажиллаж байсан юм. П.Жасрайн Засгийн газрын хамгийн гол шийдвэр нь уналттай байсан эдийн засаг бага зэрэг сэргэж, картын системийг халж байлаа. 

Ялагдсан: 

АН:

1991-1992 онд МоАН-ын даргаар М.Энхсайхан удирдаж байлаа. Дараа нь Монголын Үндэсний Дэвшлийн Намын анхны дарга Да.Ганболд,   Сэргэн Мандалтын Намын анхны дарга Ц.Цолмон,  Нэгдсэн Намын Дарга С.Зориг удирдаж байсан юм. Түүний дараа  МоАН, МҮДН, НН, Сэргэн Мандалтын намууд нэгдэн улс төрийн шинэ хүчин буюу МҮАН-ыг бий болгож, анхны даргаар нь Ц.Элбэгдорж томилогдон ажиллаж байжээ. 

1996-2000

Ялсан: 

АН:

1996-1998 онд олон намын нэгдэн бий болгосон Ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулсан бөгөөд  М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа өмч хувьчлалыг эхлүүлсэн  билээ. Эрх мэдлээс болж, Ардчилсан холбоо эвсэлд задрал бий болоод зогсохгүй М.Энхсайханы Засгийн газрыг унагааж байсан түүхтэй. Тухайлбал, Ардчилсан хүчнийхэн Ерөнхий сайдаар эвслийн дарга нь ажиллах ёстой гэдэг улс төрийн шийдвэрийг гаргаж, Ц.Элбэгдоржид Засгийн эрхийг олгож байсан юм. 

Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл ажилласан түүхтэй. Тэрбээр, банкны системд хийсэн түүний реформ нийгэмд асар их хэл ам дагуулж, УИХ-ыг нэг сар гацаасан бөгөөд төд удалгүй түүний Засгийн газар унасан билээ. 
Ж.Наранцацралт 1998 оны арванхоёрдугаар сараас 1999 оны долдугаар сар хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ОХУ-ын Ерөнхий сайдад захидал илгээсэн нь дуулиан дэгдээж, түүний Засгийн газар огцорч байсан түүхтэй. 

Р.Амаржаргал 1999 оны долдугаар сараас 2000 оны долдугаар сар хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байв. 

Ялагдсан:

МАН:

1997 онд  МАХН буюу одоогийн МАН-ын даргаар Н.Багабанди сонгогдон ажиллаж байсан. Түүний дараагаар  1998 оноос МАХН буюу одоогийн МАН-ын даргаар Н.Энхбаяр сонгогдон ажиллаж байсан юм. 

 

2000-2004

Ялсан: 

МАН:

МАХН буюу одоогийн МАН-ын даргаар 2000-2004 онд Н.Энхбаяр сонгогдон ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын эрх мэдэл хүртэл түүний гарт байлаа. Тэрбээр Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа газрыг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ. 


Ялагдсан:

АН:

 

-2000 - 2002 онд Д.Дорлигжав АН-ын даргаар ажиллаж байсан юм. 

-2003 - 2005 онд АН-ын даргаар  М.Энхсайхан ажиллаж байв.

 

2004-2008

МАХН/МАН/-“Эх орон- Ардчилал” эвсэл хамтарсан Засгийн газар 

2004 оны УИХ-ын сонгуульд долоон нам дангаараа орсон бол гурван нам нь эвсэл болж оролцжээ. Тухайлбал, МАХН буюу одоогийн МАН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг хүний  суудал тус тус авсан байна. Тиймээс МАХН,  “Эх орон- Ардчилал” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулж байсан түүхтэй.  
2004 - 2006 онд Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж ажиллаж байсан юм. Тэрбээр 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг унагааж, дуулиан дэгдээж байсан бол 2006 онд МАХН буюу одоогийн МАН болон М.Энхсайхан тэргүүтэй нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах санал гаргаж байсан билээ. Үүнийг УИХ-ын чуулганаар  хэлэлцэж, дэмжээд Их эвслийн Засгийн газар огцорч байсан юм. 
2006 - 2007 онд Ерөнхий сайд  М.Энхболд
2007 - 2009 онд Ерөнхий сайдаар С.Баяр

2008-2012 

Ялсан: 

МАН:

-2009 - 2012 онд МАН-ын дарга  Ерөнхий сайдаар С.Батболд ажиллаж байлаа. 

 

 

Ялагдсан:

АН:

-2008 - 2014 онд АН-ын дарга Н.Алтанхуяг байв.

 

2012-2016

Ялсан: 

АН:

-2012 - 2014 онд Н.Алтанхуяг АН-ын дарга болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр дэд бүтэц болон үйлдвэрийн салбарт нэлээд анхаарч ажиллаж байлаа. 

-2014 - 2016 онд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байсан бөгөөд Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ болон  Дубайн төлөвлөгөөг байгуулсан нь өнөө хэр нийгэмд дуулиан дэгдээж, асуудал үүсгээд буй. Тэрбээр Оюутолгойн гэрээг сайжруулах нэрийдлээр Дубайн төлөвлөгөөг боловсруулж, хувийн компанид гэрээ байгуулах эрхийг олгож байсан юм. 

Ялагдсан: 

МАН:

-2013 - 2013 онд Ө.Энхтүвшин 

-2013 - 2017 онд М.Энхболд 

 

2016-2020

Ялсан:

МАН:

2013 - 2017 он хүртэл МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан бол Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат 2016-2017 онд ажиллаж байсан юм. 

2017 - оноос МАН-ын дарга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байна.  

Ялагдсан:

АН-ын даргаар 2017 оноос АН-ын дарга С.Эрдэнэ ажиллаж байна.