УИХ-ын хаврын чуулган эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. М.Энхболдын тэргүүлсэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, энэ хугацаанд хоёр удаа намрын чуулган, нэг удаа хаврын чуулганаа хуралдуулаад байгаа билээ. Мөн ээлжит бусаар хуралдсан тохиолдол ч байгаа.
Тэгвэл, хоёр дахь намрын чуулганы хугацаанд буюу 2017 оны аравдугаар сараас эхлэн энэ оны хоёрдугаар сар хүртэл хуралдахдаа тэд хэдэн хууль баталж, харин аль хуулийг дэмжихгүй унагав гэдгийг “Баримт & тайлбар” буландаа онцолж байна. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж үг хэлэхдээ “Намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан” хэмээн мэдэгдсэн юм.
Бүтэн таван сарын хугацаанд хуралдахдаа тэд ямар хуулийг чухалчилж, хэдэн өдөр хэлэлцэж, хэдэн хувийн ирцтэй баталж байсныг уншигч та эндээс мэдэх боломжтой. Мөн намрын чуулганаар хэлэлцэхээр баталж байсан хуулийн жагсаалтаас хэд нь дахин хойшилсон нь тодорхой байгаа юм.
УИХ-ын даргын хэлсэнчлэн УИХ-ын тогтоол, Цэцийн шийдвэр, АТГ-ын даргын томилгоо, элчин сайдын томилгоо зэрэг ач холбогдол багатай асуудал нэлээдгүй байсан учраас энд зөвхөн бие даасан хуульд өөрчлөлт оруулсан болон чухал гэж хэлж болох хуулийн нэмэлт өөрчлөлтийг онцлов.
Намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулиуд
1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад.
Дэмжсэн хууль:
- -Т.Аюурсайхан нарын гишүүдээс өнгөрөгч оны наймдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг есдүгээр сарын 07-нд ээлжит бус чуулганаар хэлэлцэн дэмжсэн юм. Нийт 42 гишүүн буюу 57.5 хувь нь дэмжжээ.
- -Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад 2017 оны есдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг УИХ-тай зөвшилцөх саналыг хүргүүлж, аравдугаар сарын 04-ны хурлаар хэлэлцэж баталсан юм.
- -Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч оны аравдугаар сарын 17-нд Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьснаар хоёр өдөр буюу аравдугаар сарын 18, 19-ны өдрийн чуулганаар хэлэлцэн гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
- -Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс 2017 оны есдүгээр сарын 29-нд 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Аравдугаар сарын 26-ны чуулганы хуралдаанаар бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 83.6 хувь нь дэмжиж батлав.
- -Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдод аравдугаар сарын 27-нд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Харин арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар 88.5 хувь нь дэмжиж, эцэслэв.
- -УИХ-ын тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дууссан байнгын хороодын дарга нарыг өөрчлөх, хугацааг сунгах асуудлыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн чуулганаар хэлэлцэн дэмжсэн юм. Долоон байнгын хорооны даргыг шинээр томилов.
- -Төрийн албан хаагчдад тэтгэмж олгох, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох тогтоолыг УИХ-ын арваннэгдүгээр сарын 09-ны хурлаар эцэслэн батлав. Тогтоолыг гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн юм.
- -Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2017 оны есдүгээр сарын 29-нд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг өргөн мэдүүлсэн. Харин арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн чуулганаар гишүүдийн 67.9 хувийн саналаар дэмжиж батлав.
- -Засгийн газраас УИХ-ын даргад Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлж, мөн сарын 30-ны өдрийн чуулганаар хэлэлцэн дэмжлээ. Гишүүдийн 72 хувь нь дэмжлээ.
- -Өнгөрөгч оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлсэн юм. Арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн чуулганаар төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжсэн.
- -2017 оны арваннэгдүгээр сарын 03-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн чуулганаар батлав.
- -УИХ-ын чуулганы 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны үдээс өмнөх хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
- -2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн чуулганаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг гишүүдийн 73.2 хувь нь дэмжиж бүхэлд нь баталлаа.
- -“Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн УИХ-ын дарга М.Энхболдод арванхоёрдугаар сарын 08-нд өргөн мэдүүлсэн юм. Харин 22-ны өдрийн чуулганаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
- -Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдрийн хурлаар баталжээ.
- -2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн чуулганаар арваннэгдүгээр сарын 28-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 66.0 хувь нь дэмжив.
- -Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэн.
- -Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэн.
- -Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 80 хувь нь дэмжив.
- -Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нараас өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар эцэслэн хэлэлцэж, 84.6 хувийн саналаар дэмжлээ.
- -Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 04-нд өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг тухайн сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.
- -Ө.Энхтүвшин нарын гишүүдийн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн чуулганд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр бүхэлд нь батлав
- -Б.Жавхлан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн чуулганаар эцэслэн баталлаа.
- -Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 19-ны чуулганаар эцэслэн хэлэлцэж, гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн юм.
- -Нэгдүгээр сарын 26-ны өдрийн чуулганаар Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 82.7 хувь нь дэмжиж батлав.
- -Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэгдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар сарын 02-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 65.9 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр зарим төрлийн татварын нэмэгдлийг хүчингүй болгов.
- -Сангийн сайдаас нэгдүгээр сарын 26-нд өргөн мэдүүлсэн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хоёрдугаар сарын 02-ны чуулганаар эцэслэн батлав.
- -Нэгдүгээр сарын 12-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хоёрдугаар сарын 08-ны чуулганаар гишүүдийн олонхийн саналаар батлав.
- -Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 84.6 хувиар эцэслэв.
Дэмжээгүй хууль:
- -Ерөнхи йлөгч Х.Баттулга 2017 оны аравдугаар сарын 20-нд Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм. Тус хоригийг УИХ-ын арваннэгдүгээр сарын 02-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авахгүй байх шийдвэр гаргав.
- -Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь тавьсан хоригийг 2017 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхи нь хүлээж аваагүй юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
- -2018 оны төсвийн зарлага хэсэгт тавьсан хоригийг 2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн чуулганаар хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэв.
- -Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулав.
- -Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн л хэлэлцэхийг дэмжихгүй хойшлуулав.
- -2018 оны нэгдүгээр сарын 04-нд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүлсэн ч хуулийн төслийг тусгайлан хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
- -2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх боломжгүй гэж үзэв. Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан саналаар түр хойшлуулахаар шийдсэн юм.
- -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулав.
- -Хүнсний тухай хууль болон Баяжуулсан хүнсний тухай хуулийг мөн л хойшлуулав.
- -УИХ-ын гишүүн Н.Учрал нараас өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжээгүй учраас хэлэлцэхийг хойшлуулсан юм.
Өргөн барьсан ч хэлэлцэж амжаагүй хууль:
- -УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
- -Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн.
- -Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ давсан.
- -УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
- -Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
- -Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
- -Сайд Н.Цэрэнбат Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.