ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Вирусийн сургаар монголчууд “хөөрцөглөж”, импортлогчид баяжихаар улайрав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-28

“Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжина” гэгчээр дэлхий дахины анхаарлыг татаж, тэр хэрээр айдаст автуулаад байгаа шинэ төрлийн коронавирусийн сургаар эм ханган нийлүүлэх хэдхэн байгууллага ашиг олж, тав, арван төгрөгийн ашиг олох гэж улайрч байгаа тухай амтай бүхэн шүүмжилж байх юм. Томоохон эмийн сан, бөөний төвүүдэд гар ариутгагч, эмнэлгийн зориулалттай спирт, эрүүл мэндийн шаардлага хангасан маск дуусч, харин байгаа хэсэг нь түүнийгээ ширхэг бүрийг нь 500-1000 төгрөгөөр борлуулж байна гэх бодитой шүүмжлэл соошл орчинд өрнөв.

Тэр ч байтугай Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргаж, үндэслэлгүйгээр үнээ нэмэхгүй байхыг хүссэн ч бөөний төвүүд, цаашлаад эмийн сангууд ч ширхэгийн үнээ үндэслэлгүйгээр нэмсээр байлаа. Олон давхар шүүлтүүртэй маскийг гэхэд л 4000-5000 төгрөгөөр борлуулж байгаа талаарх иргэдийн сэтгэгдэл нэмэгдсээр байлаа. Мөн гадуур маск хайсан иргэд аптекийн үүдэнд очоод л “маск, санитал, эмнэлгийн спирт, ариутгагч дууссан” гэх бичигтэй тулгарч, хаалга мөргөөд буцаж байгаа талаараа бичжээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс зөвлөж буй эмнэлгийн орчинд зүүдэг гурван давхар хамгаалалттай цэнхэр маскны бөөний үнэ нь 40 төгрөг байдаг. Дотроо 50 ширхэгтэй бөгөөд уутаараа 2000 төгрөг гэсэн үг.

Харин эмийн сангууд энгийн үедээ ширхэгийг нь 100-200 төгрөгөөр зардаг байлаа. Гэтэл коронавирусийн сураг дуулдаж эхлэхтэй зэрэгцэн ширхэг бүрийнх нь үнэ 500 төгрөг болж, бөөний төвүүд ч нэг бүрийнх нь үнийг 56 төгрөг болгож, 2800 төгрөгөөр зарж эхэлжээ. Импортлогчид ингэж л иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, өвчнөөр далимдуулан мөнгө хийж байх юм.

Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид чанарын шаардлага хангахгүй ч гэлээ үнэгүй маск тарааж, гадаадад байгаа зарим иргэд 10.000 ширхэгийг үнэгүй эх орон руугаа явуулж байгаа гэдгээ мэдэгджээ. Эх оронч байх, ядарсан цагт хүн чанартай байх гэдэг үүнийг л хэлдэг. Гэтэл нийгэм даяар айдаст автсан, шинэ төрлийн биш ч гэлээ хатгаа, ханиад хаа сайгүй дэгдсэн энэ цагт зөвхөн ашиг олохын төлөө улайрч буй эм, эмнэлгийн бүтээгдэхүүн импортлогчдоос эх оронч байх, иргэнийхээ эрүүл мэндийн төлөө санаа зовох чин сэтгэлийг олж чадахгүй нь тодорхой.

Уг нь Монголдоо ганцхан байдаг нэг удаагийн эмнэлгийн маск үйлдвэрлэгч “Мөнхийн тун” компаний зүгээс хомсдол огтхон үүсэхгүй хэмээн удаа дараа мэдэгдлээ. Хоногийн 24 цагаар ажиллаж, хоногтоо 100 мянган ширхэгийг үйлдвэрлэн зах зээл нийлүүлж байгаа хэмээн тус компаний зүгээс мэдэгдэв. Монголдоо ганцхан байдаг ч энгийн үед 40 мянган ширхэгийг зах зээлд гаргадаг учр­аас цөөн хүн ам­тай дотоодын зах зээлээ бар­дам хангана гэж ам­ла­жээ.

Тэгвэл хиймэл хомсдол хаана үүсээд байна вэ. Эмийн сангуудад уу, эсвэл иргэд амиа бодож бөөнөөр нь худалдан авч дараад байна уу. Энд дан ганц эмийн сангууд ч бус иргэд ч бас буруутай. Монголчууд бид зовлон ирэх цагт ямар арчаагүй, амиа бодсон, бодит баримтад бус баталгаагүй мэдээлэл итгэхийг хүсдэг гэдгийг зөвхөн энэ жишээ л нотлов.

Монгол Улс хөгжихгүй байгааг ч энэхүү жижигхэн жишээ нотлож байх юм. Ганцхан Монгол Улс ч биш дэлхийн бүх л улс орнууд вакцин гаргаагүй, эмчилгээ нь тодорхой бус шинэ төрлийн вирусээс дор бүрнээ урьдчилсан сэргийлж байгаа. Гэлээ гэхдээ бидэн шиг ингэж хөөрцөглөж, сургаар сэвж, нийгмийн талцуулж, айдаст автуулж байгаа нь хэд вэ. “Маск зүү, гараа ариутга, гэртээ цэвэрлээ хий” гэсэн эрүүл мэндийн байгууллагын урьдчилан сэргийлэх мэдээллийн сургаар хэсэг бүлэг хүмүүс их хэмжээгээр худалдан авч дарчихаад үнэ өсгөж дамлан зарж байгаа нь тодорхой болчихлоо.

Нийтлэлч Д.Цэнддоогийн хэлсэнчлэн шинэ коронавирус бус түүний дүйвээнээр нь бид өөрсдөө сүйрэх нь холгүй байх аж. Соошл сүлжээнд ямар ч хяналтгүй, худлаа мэдээлэл цацагдаж “Ороод ирчихсэн. Төрийн томчууд дарж байна. Хэд, хэдэн хүн нас барчихсан. Эмч нар ар гэрийн хүмүүсээ хөдөө явуулжээ” гэх мэтээр худал, хуурамч мэдээлэл цацаж, олныг бухимдуулж байх аж. Муу эр дайнд хөөрнө гэдэг л энэ байх.

Гэтэл 30 сая хүндээ хөл хорио тогтоож, энэ өвчнөөр 50 гаруй иргэнээ алдчихаад байгаа БНХАУ-ын иргэд дор бүрнээ хариуцлагатай, үймж сандарсан зүйлгүй тайван байх ажээ. Өвчлөлийн тохиолдол илэрчихээд байгаа улс орнууд ч дор бүрнээ ажлаа хийцгээж, амьдарч байна. Тэд анагаах ухаанд итгэж, эмчилж чадна, эрүүл болгочихно, эмчилгээ, вакцинаа гаргаад авчихна гэж итгэж байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ авчихаад л ажилдаа явж, амьдрал нь хэвийн үргэлжилсээр.

Харин манайд л “өндөр эрсдэл”-тэй хэмээн сургууль, цэцэрлэг хаасан сургаар хүн үхчихжээ, ороод иржээ хэмээн “хөөрцөглөж”, давс, чинжүүтэй мэдээндээ автчихаад өөрөө, өөрийгөө тамлаж, түүнээсээ таашаал авч байгааг зөвтгөх ухаан олдохгүй нь ээ. Бид хөгждөггүй, ахиц гардаггүй, нэг л байрандаа хэдэн арван жил эргэлдэж буйн хамгийн энгийн шалтгаан нь амиа бодсон арчаагүй зан гэдэгт маргахгүй байх аа. Миний үр хүүхэдтэй адилхан бусдын хүүхдэд ч бас эмнэлгийн энэ мэт тусламж хэрэгтэй байгаа гэдгийг мэдэхгүй, зөвхөн би л эрүүл байвал гэсэн арчаагүй, амиа хувиа хичээсэн үзэл хатуухан хэлэхэд шинэ төрлийн вирусээс ч өмнө биднийг үгүй хийх нь.

Эмийн санд ороод 50 боодол нэг удаагийн маск аваад гарч буй бүсгүйд “бусаддаа бага ч атугай үлдээгээч” хэмээн санал хэлснийхээ төлөө зодуулах шахсан талаараа нэгэн бүсгүй пост бичсэн байна лээ. Бидний нийтлэг төрхийг тэр бүсгүй харуулсан хэрэг. Хил хаах тухай ямар ч яриа гараагүй байхад сургаар дэлгүүрийн лангууг хоослох мунхаглал монголчууд биднээс л гарна. Нөгөөтээгүүр, байшин болгоны буланд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд аюулт өвчин ирэхэд ямар хэмжээний бэлэн байдалтай байгаагаа харуулав. Гуравхан сая иргэнийхээ нэг удаагийн хэрэглээг хангах чадалгүй нөөцтэй гэдгээ харуулж байна. Тийм атлаа эмнийхээ үнийг нэмдэг, сургаар үнээ хөөрөгдөж, ард түмнээ шулдаг эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлая, Эрүүл мэндийн сайд аа.

Мэргэжлийн хяналтын байгууллага ч ажлаа хий. Эрүүл мэндийн яам болон МХЕГ-аас тусгай дугаарын утсаар үнээ нэмсэн эмийн сангуудын мэдээллийг авна гэсэн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, иргэн та үндэслэлгүйгээр үнээ нэмсэн эмийн сангуудын талаарх мэдээллийг 11310005, 70353511 утсаар өгч болох аж. Ингэсэн тохиолдолд баримтаар нотолж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэлээ. Энэ бол маш зөв шийдвэр. Төрийн төмөр нүүрийг хааяа ч болов мэдрүүлэх ёстой.