ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайжтай уулзлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-28

Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.01.27/ Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа. Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм. Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.