ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-гы өдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.

Энэ үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулагдах дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татсан юм. Тэрээр 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсон дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан бөгөөд Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар Монгол Улстай холбогдох тэрхүү түүхэн гэрэл зураг баримт, сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа хэмээн тодотгосон юм.

Үзэсгэлэнд 34 зураг, 20 үзмэр тавигдсан бөгөөд энэ ондоо багтан Монгол Улс руу илгээж, судалгааны ажлаа өргөтгөх гэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй Норвегийн иргэн Мариа Картвейтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Монгол Улсад суралцах, судалгаа хийх батламж олголоо.

Мөн олон жил Монгол судлалын чиглэлээр ажиллаж, Монгол судлалыг дэлхий дахинд дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Норвегийн Хаант Улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн Мариа Магдолна Татарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.