ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зориг гаргасан цагт ухаан хүрч л таарна

O.Admin
2020-02-06

У.Хүрэлсүх: ...Нам дотроо шударга ёсыг цогцлоон байгуулахгүй бол энэ хөлөг маань живэх нь. М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Зарсан үгүйг мэдэхгүй ч зарж борлуулахаар завдсан нь үнэн. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би энд зарчим ярьж байна. Би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Ардын нам ард түмний нам байх ёстой, олигархиудын нам биш. Ард түмэн шударга ёсыг юу юунаас илүү хүсч байгаа учраас нам дотроо хариуцлага ярихаас өөр аргагүй. Нам доторх хуурамч эв нэгдлийг таслан зогсооно... 

Ц.Нямдорж: ...2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй. Бүлэглэлээс бид ангижрах ёстой. Ардчилсан намын “Үндэсний дэвшил” фракцид багтдаг цөөхөн хэдэн мөнгөтэй хүмүүс, Ардын намын “Хотын фракци”-д ордог нууцлагдмал хоёр, гурван хүн бүлэглэлийг бий болгосон. Таван сая ам.доллар бол бүлэглэлд мөнгө биш. Зүгээр л закуска. Би Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад М.Энхболдын өрөөнд ороод “Эрдэнэт, Их тэнгэр хоёр луу орж байгааг чинь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж хэлсэн. Т.Бадамжунайгаар дамжсан мөрийтэй тоглоомын бүлэглэл бүх юмыг 5-10 жилээр урагшлуулж шийддэг. М.Энхболд яагаад Ерөнхий сайд болоогүй вэ гэхээр үгнээс гардаггүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар тавьчихаад, мөнгө бүлэглэл хоёроор зодож Ерөнхийлөгч болоод 10 жил Монголд эзэн суух гэж байсан юм...

...Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 19-20-нд хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр зарим улстөрчдийн хэлсэн үгийг та нийтлэлийн эхэнд уншлаа. М.Энхболдыг хамгаалахаар өргөн фронтоор ажиллаж байсан “Хотын фракци” буюу бүлэглэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулахгүй гэж зүтгэсэн “Зүүний хүчин”-ий зөрчил тэмцэл чинээндээ тулчихаад байх үеийн халуухан маргааны багахан хэсэг нь энэ. Тэнд хэлж байсан олон хүний үгийг нь эргээд уншихаар 100 жилийн түүхтэй намаа цэвэр ариун болгож, бүлэглэлээс салахаар шулуудчихсан байсан ч юм шиг. Гэвч тэрхэн үеийн тэмцэл, зөрчил, тэнд хэлж байсан шударга шулуухан үгнүүд нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулаад л намжчихсан гэхээр дүр эсгэсэн ч юм шиг. Нам доторх хуурамч эв нэгдлийг таслах цаг нь болсон хэмээн “зарлигдсан” намын даргын үг хоёр жилийн хугацаанд хоосон хананд цуурайтахаас хэтрээгүй байгааг харахаар гомдмоор ч юм шиг. Энэ бүх тэмцлийн дараа эргээд цаг хугацааг ухрааж харлаа ч бүх зүйл хэвэндээ, бүгд л байх ёстой суудалдаа үлдэж, Ардын нам нөгөөх л хуурамч эв нэгдэлтэй хэвээр оршсоор л. М.Энхболд гэж хүн УИХ-ын даргын ажлаа өгч, ажин түжин суух болсноос өөр энэ намд хийгдсэн өөрчлөлт даанч алга аа. “Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй” гэдэгчлэн Ардын нам М.Энхболдоос явахыг хүссэн ч М.Энхболд харин энэ намаас явсангүй ээ. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар бүлэглэлээс ангижрахыг хүссэн ч бүлэглэл харин намаас явсангүй ээ.

Өнөөдрийг хүртэл харин ч амь бөхтэй оршиж, нөгөөх л Т.Бадамжунай тэргүүтэн казино эргүүлж, хороо хутгасан хэвээр байна. Намын дарга У.Хүрэлсүх ацан шалаанд орж “Хэтэрхий том амлалтуудыг хэрэггүй өгчихлөө дөө” хэмээн хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрч чадахгүй болсондоо бантаж явааг нуугаад яахав. Дэмий л ойрын итгэлт нэгнээсээ “М.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэж зүтгэчихвэл яах бол” хэмээн тусламж хүсч эхэлсэн тухай хэвлэлүүд бичээд эхэлчихлээ. Олны үг ортой гэдэг дээ. Хэлсэн үгээ мартуулах гэж хэрэндээ хичээсэн ч олон нийт түүнээс зөвхөн хариуцлага, шударга ёсыг хүлээж буйг өөрөө ч сайн мэдэж байгаа. Бэлэн мөнгөний олон, олон амлалт гаргаж, “гоё” зүйл олон хийсэн ч “шударга ёсны дүр” гэх тэр хүлээлт, тэртээх хоёр жилийн өмнө Бага хурлын индрээс хэлсэн үгийг нь олон нийт хүлээсээр байх ажээ. Ямар ч мөнгө тэр үгийг мартуулахгүй нь тодорхой болов. Ямар ч үйлдэл тэр хүлээлтийг намжаахгүй нь тодорхой байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хулгай хийчихсэн, Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан, Концесс луйвардсан, “60 тэрбум”-ын булхайг нууцалж, фракцийн эрх ашигт үйлчилсэн хүн бүхэнд шударга ёс гэж юу болохыг үзүүлж, Ардын нам ард түмний нам байх ёстойг харуулна гэсэн итгэл өнөө хэр унтарсангүй ээ. Сонгууль хүртэл лавтай унтрахгүй гэдгийг судалгаа бүхэнд рейтингээрээ цойлж буй түүний нэр хүндээс харж болно. Н.Номтойбаярыг намаасаа хөөхөд нь “уухай” хэмээн дэмжив. Нэр бүхий гишүүдэд хариуцлага ярина гэхэд нь “болж байна” хэмээн алга ташиж байна.

Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд олонхийн хүлээлтэд нийцүүлэх, олж авсан нэр хүндээ хамгаалж үлдэхийн тулд цөөнгүй хэдэн хүнээр “туг тахих”-аас өөр сонголт үлдсэнгүй. Харин хэнийг явуулах вэ. Концессыг магнайлж байсан Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарыг уу. М.Энхболдыг дангаар нь хөөчих үү. Эсвэл Засгийн газрыг огцруулахаар манлайлж байсан Д.Хаянхярвааг хөөх үү. ЖДҮХС-гаас мөнгө завшсан гэх үндэслэлээр Б.Ундармаа, Г.Солтан, Ж.Энхбаяр нарт тойрог өгөхгүй гэвэл хариу үйлдэл нь яаж ирэх бол. Тооны харьцааг тэнцүүлэх үүднээс М.Энхболдтой ширээний ард тохироо хийх үү гэх мэтээр түүнд толгой өвтгөх асуудал даанч олон байна даа. “Хотын фракци”-ийг зайлуулна хэмээгээд 32 гишүүнээ зоригтой хөөгөөд явуулчихвал нөгөөдүүл нь Ардын намыг хуваачихаж мэдэхээр сүйхээтэй. “ЖДҮчиддээ хариуцлага тооцсонгүй аваад үлдчихлээ” хэмээн сонгуулийн өмнө намаа самарчих чадал, мөнгө тэдэнд байна. Эсвэл аль эртнээс төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж, Хувьсгалт намын даргад хадаг, сүүгээ бариад очиж мэдэх увайгүй улстөрчид ч тэнд олон бий. Тэр тохиолдолд “ШИНЭ”-ийг ширээн доогуур санхүүжүүлээд ч тусыг эс олох билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн шиг Т.Бадамжунай тэргүүтний казинодоо илүү олуулаа цугласаар байгаа учраас “Хотын фракци”-иар сонгууль дөхсөн энэ цагт оролдох нь “Муурын сахлаар оролдсон хулганы үлгэр”-тэй дүйх ажээ. Эсвэл ард түмний хүсэлт хэмээн санал асуулга явуулсан нэрийдлээр “Хотын фракци”-ийг эвтэйхэн түлхэх өөр нэг боломж бий. Үүнийг хийхийн тулд багагүй хөрөнгө мөнгө зарцуулна. Гэлээ ч энэ хүртэл У.Хүрэлсүх дарга хөзрөө маш сайн нууцалж, тойрог тодорхой болчихсон байхад ч мандатын хуваарилалтыг хийсэнгүй.

Хэн хаана нэр дэвшихээ ч мэдэхгүй учраас горилогчид нь гайгүй харагдсан тойрог бүхнээ тойглож, замд тээглэсэн нэгэнтэй заамдалцахаас наагуур зөрчилдөж байна, энэ өдрүүдэд. Эсрэгээрээ АН-ынхан нь хандиваа аваад, нэр дэвшигчдээ зоочихсон. Гэтэл эсрэг намынх нь дарга нэг ч удаа нүүдэл хийсэнгүй. Хэний эсрэг хэнийг сойх вэ гэдгээ ойлгохоо больсон сөрөг хүчин У.Хүрэлсүхийг хөдөлгөх гэж олон янзаар тоншиж байна. Гэвч таг чиг. Угтаа “бөмбөг тэслэх” болов уу, эсвэл бөөрөнхийлөөд орхих уу гэдэг нь тодорхой бус. Аль нь байлаа ч Ардын нам “коронавирус”-ээс ангижрах ёстойг сануулъя. Нам бүлэглэлээс явах ёстойг дахиад л сануулъя. “60 тэрбум”-аасаа бүрмөсөн ангижрахгүй л бол эргээд л хонгилоор чирэгдэнэ гэдгээ ч мэдэх байх. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж хэлснээ нэг санаарай, У.Хүрэлсүх дарга аа. “Хотын фракци”-иас намаа салгаж чадна аа гэж зоригтой хөдөлчихсөн цагт ухаан хүрч л таарна. Ард, урд чинь ардын намын эгэл жирийн гишүүд түших нь тодорхой. Намын тань олон зуун гишүүд танд итгэсээр байгаа, итгэсэн хэвээр ч байх биз. Хөлөг онгоцоо живүүлэх үү, хөвүүлэх үү гэдэг нь таны сонголт хэвээр байна. 

Б.Эрхэс