ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван сая төгрөгөөс ч хямдхан хүний амь гэж байх уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-19

Ахмад настнууддаа баялгаас ижил тэгш хүртээх, гэхдээ бэлэн мөнгө хэлбэрээр тараахгүйгээр зүй зохистой шийдэхээр зохицуулсан хуулийн төсөл хэдэн мянган ахмадуудын магнайг тэнийлгэсэн билээ. Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудаа ч төр харж үзэхээр шийдэж, сая төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг өгч, ирэх оны тавдугаар сард бэлэн мөнгө хэлбэрээр олгох шийдэлд хүрсэн юм. Одоогийн байдлаар тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхэд зарцуулах “Эрдэнэс” бондыг дотоодын зах зээлд гаргах бэлтгэл ажил бүрэн хангагдсан сайхан мэдээ дуулдаж байна. Ингэснээр төрийн хууль тун удахгүй ажил хэрэг болно гэсэн үг. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гаргасан шийдвэрт зээлийн хүүнд дарамтлуулж байсан мянга, мянган ахмадууд талархаж, төрийн минь хайр хишиг хэмээн баярлаж суулаа. Гэтэл сэдэв бүхнийг сэвж, нийгэмд оноо авахын тулд хэдэн арван жил энтертайнментаар монголчуудын тархийг угаасан “ШИНЭ” нам буюу Л.Болд, Ж.Батзандан хоёр энэ сэдвийг шүүрэн авснаар байдал бишдэж эхлэх нь тэр. Мэдэхгүй, чадахгүй сэдэвгүй энэ хоёр “поп”-ууд нийт ахмадуудад ижил тэгш хүртээх ёстой, бэлэн мөнгө хэлбэрээр тараа хэмээн дөвчигнөж эхэлсэн нь саяхных.

УИХ-ын шийдвэр ч гараагүй байхад хөхөө өвлийн хүйтнээр хэдэн зуун ахмадуудыг төв талбайд цуглуулан улстөржив. Бүр “Зээлгүй ахмадуудын түр хороо” гэгчийг байгуулж, гурван сая төгрөг өг хэмээн уйлж байсан нь саяхных. Зах зээлд их хэмжээгээр бэлэн мөнгө тараах нь үнэ хөөрөгдөх, зах зээлийн эрсдэлтэй нөхцөл байдал руу түлхэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх гэх мэтээр ямар асуудал дагуулах талаар наад захын мэдлэг эдгээр хоёр “поп-д байхгүй учраас бэлэн мөнгө өг хэмээн төрийг дарамталж, бүр Төрийн гурван өндөрлөгт албан ёсны шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн гэх нэр нь хэтэрхий “гоё”-дчихсон Ж.Батзандан, Л.Болд нар “Бүх ахмадад ижил тэгшээр гурван сая төгрөг тараах” хуулийн төсөл санаачилснаа өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын даргад гардуулж өгсөн билээ. Хуулийн төсөл нь ердөө хоёрхон зүйл заалттай. Нэгдүгээрт, бүх ахмадуудад гурван сая төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр тараах. Хоёрдугаарт, сая төгрөгийн эрхийн бичгийг хүчингүй болгох гэсэн хоёр зүйл заалттай. Ж.Батзандан энэ талаар ярихдаа “УИХ-ын дарга тухайн өдөр та нар чаддаг юм бол 100 мянган иргэний гарын үсэг цуглуулаад ир гэж биднийг загнасан.

Өнөөдөр “ШИНЭ” нам хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн 100 гаруй мянган ахмадын гарын үсгийг цуглуулаад УИХ-ын дарга болон ЗГХЭГ-ын даргад хүргүүлж байна. Ахмадын тэтгэврийг тэглэх шударга бус хуулиа өөрчлөхийг шаардаж байна. Нэг ахмадад зургаан сая төгрөг өгч байгаа бол Монголын бүх ахмадуудад зургаан сая төгрөг олгох ёстой” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Юманд хэмжээ хязгаар байдгийг мэдэхгүй энэ мэт “поп”-уудын тэнэглэл хуулийн төсөл өргөн барьснаар, гудамжинд гарч тэмцэж, жагсаад дуусах болов уу гэтэл тэгсэнгүй ээ. Эцэстээ энэ бүх хийрхэл нь хэрээс хэтэрч, дэлхий дахиныг айдаст автуулж буй коронавирусээр айлгаж, сүрдүүлэх хэмжээнд очдог байна шүү. Ийм элийрэл, тэнэглэл гэж байх уу, нөхөд өө. Энэ зөв зүйл мөн үү, монголчууд аа. Тухайлбал, соошл орчинд “Энхбаатар Дашжамц” гэх нэртэй нэгэн иргэн хэвлэлийн хурал хийсэн ахмадуудын зургийг байршуулан “Цагаан сараас өмнө тэтгэврийн зээл аваагүй ахмад настан бүрт гурван сая төгрөг олгохыг “ШИНЭ” намын бид шаардсан. Гэтэл өгөх нь байтугай, жагсаал цуглаан хийх, Цагаан сар хийхийг хорьчихлоо. Ахмад настан бүр гурван сая төгрөгөөр хохирлоо. Бид үүнийг эсэргүүцэж байна. Гурван сая төгрөг өгөхгүй бол өлсгөлөн зарлана. Өлсгөлөн зарлахаар дархлаа сулраад, короновирусийн аюул ихсэж байгаа үед хэцүү л болох байх. Тэр тусмаа бидний гурван сая төгрөгийг бушуу өгч, хохиролгүй болгоорой” хэмээн мэдэгдэл байршуулжээ.

Үүнийг нь хэдэн зуун мянган хүн шэйрлэж, “Бид бүхэн зээлээ тэглүүлэхийн төлөө тэмцэнэ. Бүх ахмадад гурван сая төгрөг ижил тэгш хүртээ” гэх мэтээр балайрчээ. Даанч дээ, монголчууд аа. Даанч дээ, Ж.Батзандан, Л.Болд нар аа. Гуравхан сая төгрөгөөс хямдхан хүний амь гэж байх уу. Ардчилал эрх чөлөө гэхээр л юу дуртайгаа бурж болдог хэмээж, мөнгө өгөхгүй бол коронавирусээр өвдөнө шүү гэж айлгах нь Ж.Батзандан таны, танай намын гишүүдийн, танд тархиа угаалгасан өвгөд, хөгшдийн айлгах тактик уу. Хэрвээ Монголоос өөр оронд, тэр тусмаа өвчин гарчихсан урд хөршид байсан бол шууд цаазын ял авах үгийг тэд амнаасаа унагаж байна. Өвчнөөр улстөржиж болдоггүй юм гэдгийг Ж.Батзандан та ойлго, өөрийн тойрон хүрээлэгч нартаа ч бас хэлж тус болно уу. Үндэсний аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлсэн үг биш гэж үү, энэ чинь. Мөнгө өг, чадахгүй бол бид коронавирус туслаа гэж уншигдаж байгааг олон залуус соошл орчинд шүүмжилж байна. Нийгмийг айдаст автуулсан, үймээн самуунд турхирсан энэ мэт хүмүүст төр яагаад төмөр нүүрээ үзүүлдэггүй юм. Зөрчлийн хуулиар ч болтугай арга хэмжээ авч, яг энэ үгнийх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Зээлгүй хэмээн уйлахад нь зэмлээд өнгөрөх хүн олон байсан. Бэлэн мөнгө өг хэмээн “тунирхаж”, хууль өргөн барихад нь ч “за яах вэ” хэмээн дуугүй өнгөрсөн нь бас олон. Гэтэл хэдэн мянган хүнийг үхэлд хүргэж, хэдэн зуун гэр бүлд үхэл хагацал үзүүлж, дахиад нэг удаа ч болов нар үзэхсэн хэмээн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт үхэлтэй тэмцэж буй хэдэн мянган хүмүүсийг доромжилсон, даапаалсан ийм улс төр байж болдог юм уу.

Дээр, дооргүй сандарч, ороод ирвэл эмзэг эдийн засагтай улс орныг минь ямар болгох бол, ийм том эдийн засагтай улс туйлдаж байхад манайх яах вэ хэмээн сандарч байхад тэр өвчнөөр чинь өвчлөөд өгье хэмээн тэнэг улс төр хийдэг УИХ-ын гишүүн, тийм монгол хүн байж болдог хэрэг үү. Ийм арчаагүй сэтгэл гагцхүү Ж.Батзандан, Л.Болд ба түүнийг тойрон хүрээлэгч нараас л гарах биз ээ. Ардчилсан Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй байж болох ч өвчин тусна, үхнэ хэмээн айлгах нь арай ч хэр хэмжээнээс хэтэрсэн үйлдэл болж байна. Хүсээд байгаа бол та бүхэн өвчний голомттой улс орон руу явж болно. Гэвч хүссэн нь хүзүүгээр татаж, вирусээр өвдөж, эс бөгөөс үхэх цаг ирэхэд эх орноо тэмцэх нь худлаа биш шүү. Мөнгө бол хэзээд ч олддог юм, ахмадууд аа. Сэрж үз. Хатуухан хэлэхэд, үр хүүхдээ зөвөөр хүмүүжүүлж, өөрсдөө үлгэрлэж чадаагүй, бэлэн мөнгө гуйхгүйгээр амьдарч чадаагүй нь төрийн биш та нарын буруу. Улстөрч гэх томдсон малгай өмссөн популистуудын аманд багтаж, атганд нь бөмбөрч, дураа хүрэхээр үхнэ хэмээн айлгаж байгаа та нараас залуу үе чинь, үр хүүхэд чинь ичиж байна шүү дээ. Дэлхий хүсэхгүй байгаа өвчнөөр өвдөнө гэж айлгах, гарч жагсаж тэмцэнэ хэмээн бичих эрх чөлөөтэй байгаадаа баярлацгаа. Түүний чинь төлөө шоронд хорьж, хорих ял оноож, бүр цаазаар авахгүй байгаа эх орондоо, тийм эрх чөлөөг та нарт олгосон ардчилалд бас баярла.