Ардын нам доторх зөрчил наадам дөхсөн энэ өдрүүдэд эрчээ авч, Зүүний хүчин болон Хотын фракцийн зөрчил туйлдаа хүрсэн нь тодорхой болчихоод байгаа билээ. Бүлэг фракцийн хоёр толгойлогчийн хэн нь суудалдаа үлдэх вэ гэсэн тулаан нум сумаар эхэлж, У.Хүрэлсүхийн зүгээс эхний сумаа тавьчихаад буй. Хариуд нь М.Энхболд дарга ч нумаа эвшээлгэж, Захиргааны ерөнхий хууль чинь засгийг чинь унагах нэг шалтгаан болно шүү гэдгийг өөрийн зөвлөх хуульчаар сануулаад авсан удаатай. Тэгвэл хэн нь албан тушаалтайгаа үлдэх вэ гэсэн өрсөлдөөн наадмаар бүр ч эрчээ авч, ирэх намрын чуулган шинэхэн даргатай эхлэх магадлал өсч эхлэв. Угтаа МАН-д У.Хүрэлсүх ба түүний фракцийн улстөрчдийн эрин үе ирж байгаа бололтой.
Хуваарь ёсоор уг нь наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 05-нд чуулган завсарлаж, найр наадам эхэлсэн өдрүүдэд улс төр хэсэгтээ л ажин түжин болдог. Гэвч МАН-ын дотоод улс төр одоо л эрчимжиж байна. Хэнтий нутгийн ахынхаа өмнөөс сум болон ниссэн Л.Оюун-Эрдэний тухайд 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн. 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд сонсгол хийх боломж бүрдэнэ. Хэвлэлээр гарч буй нэрсийг харахад АН-аас Ж.Батзандан, Л.Болд, бие даагч С.Жавхлан нар зурсан бол МАН-аас Л.Энхболд, Н.Учрал, Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ-д авлигын эсрэг лобби бүлэг байгуулсан улстөрчдийн нэр дуулдаж байна. МАН дотроо хагарч л байвал алгаа ташиж, анхааралтай ажиглаж суух учиртай АН-ынхан энэ асуудалд тун ч тоомжиргүй хандаж буй нь илт.
Уг нь тэд У.Хүрэлсүхийг дэмжиж найман кнопоо өгч байсан нь саяхан. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар хамгийн их улстөржсөн 60 тэрбумын хэргээр сонсгол хийх гэж байхад гарын үсгээ харамлаж, бүр болоогүй бүлгийн хурлынхаа үеэр “Засгийн газраар чинь оролдоно шүү” гэсэн ил шулуухан мэдэгдэл хийгээд амжлаа. Эндээс харвал АН-ынхан зодооныг хөндлөнгөөс ажиглаж, харин ялсан талыг нь чимээгүйхэн балиашиглахаар шийдсэн бололтой юм. Гишүүдийн тоо 19-д хүрч гэмээнэ өнгөрсөн хугацаанд нуусан олон зүйл ил болно. Угтаа бичлэг хийсэн төхөөрөмж олдоогүй учраас хаасан хэмээн мэдэгдэл хийгээд ч нэмэр болохгүй гэсэн үг. 32-ын бүлгийг нам дарах, М.Энхболдыг суудлаас нь буулгах олон ч ноцтой зүйл энэ үеэр яригдаж мэдэх билээ. Мэдээж М.Энхболд дарга зүгээр хараад суусангүй. АТГ-аар мэдэгдэл хийлгэж, хуульчаараа хүртэл Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлээд амжлаа. Тэр сандарч байна, бас эмээж байгаа. У.Хүрэлсүхийн эмзэг цэг, Засгийн газрыг унагах боломж хаана байна вэ гэдгийг ч судалж байгаа биз.
Нэг үгээр хэлбэл, 60 тэрбумаар нээлттэй сонсгол болж гэмээнэ М.Энхболд сөрсөн базаа хийх нь тодорхой байгаа юм. Харин үр дүнд нь наадмын дараа бид шинэхэн спикертэй суух уу, эсвэл У.Хүрэлсүхийн танхим огцорч, хурандаа гитараа бариад тахимаа өгөх үү гэдгийг харах л үлджээ. Нэгэнт эрчээ авсан зөрчил одоо зогсохоосоо өнгөрсөн. Намынхаа хурлаар ил цагаан “үнсэлцсэн” шиг л аз тохиохгүй бол МАН-ын зөрчил М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь суудалтайгаа үлдэх вэ гэдгийг шийдэх хэмжээнд хүрчихлээ. Үүнийг ч мэдсэн зарим нь Төрийн ордонд дараагийн УИХ-ын дарга болохоор хор найруулж, хэвлэл мэдээллүүд ч өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж эхлэх нь тэр. Харин Ерөнхий сайдын суудалд таамаг яригдахгүй байгаагаас харвал улстөрчид нь нэг талдаа гарчээ гэж харж болохоор. Нэгэнт л У.Хүрэлсүх одоо намдаа хүчтэй байна. 2020 онд хэнд суудал өгөхөө ч тэр мэднэ. Намын тамгыг өвөртөлчихсөн энэ цагт харьж яваа М.Энхболдын дээлийн захыг мушгих үнэнч туслах ховор байх нь мэдээж биз. Хаврын улс төр арайхийн завсарлах болов уу гэсэн хүлээлт ч талаар өнгөрч, халуун зунаар бид нум эвшээлгэж, сум тавьсан хоёр улстөрчийн цусгүй тулаан үзсээр намартай золгох нь ээ. Юун наадам, бөх, хурдан морь.
МАН-ынхан найр наадам хэсэх зав ч олдохгүй. Эрх ашиг ханхалсан албан тушаал бүрт очих гэсэн ил далд хор ч Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордонгоор зунжингаа үргэлжлэх нь тодорхой. Харин АН-ынхан энэ өдрүүдэд Ардын намын алдаа бүрийг нь балиашиглаж, найман кнопоо үнэд оруулах ажлаа хангалттай сайн хийнэ. Үүнийгээ ч тэд сайн гүйцэтгэдэг. У.Хүрэлсүхийн тухайд Захиргааны ерөнхий хуулийг УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн. Энэ долоо хоногт хуулийг хэлэлцэнэ. Эрх ашгаа хамгаалсан энэ хууль өөрийнх нь хүзүүнд олс болж очих вий гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Угтаа 32-ын бүлгийнхэнд хамгийн том өгөөш болж, хэзээ мөдгүй өргөх бичиг барихад бэлэн байгаа тэдэнд нэмэлт хачир болно гэдгийг тооцоолж гэмээнэ одоогоор тэр оноо алдаагүй явж байна. АН-ынхан ч алдаа болно шүү, Засгийн газрыг чинь огцруулна шүү гэдгийг шуудхан сануулчихлаа, түүнд.