УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэв. Хамгийн анхаарал татсан зүйл нь Хүний эрхийн асуудал байсан юм. Тухайлбал, Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Дэд хорооны даргаар Н.Оюундарь гишүүний сонгов. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд ноцтой мэдээллийг өгсөн юм.
Л.Болд:
Удаан хүлээсний эцэст Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох юм байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн танилцуулгыг өгмөөр байна. Цаагуураа тохирсон мэт ойлгомжгүй байдлаар хиймээргүй байгаа юм. Мэдээж олонхийн бүлэг хүнээ томилж байгаа байлгүй. Байнгын хороо ажлын хэсгийн мэдээллээ хүртэл сонсгохгүй. Энэ нь ямар учиртай юм бэ.
Ц.Нямдорж:
-Хойноос нь буу шийдэмтэй, масктай 20 гаруй хүн очиж баривчлаад, дахиж ТЕГ-т авч ирсэн. Тэр үед 13 настай байсан охиноор дамжуулж, намайг дарамталсан. Тухайн үед Ц.Амгаланбаатар гэж хүнийг оруулж дарамтлуулсан. Хэргээ хүлээ гэж дарамталсан байдаг. Би энэ асуудлыг Ш.Раднаасэд даргад шилжүүлсэн. Ийм улаан цайм байхад чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх үү, УИХ-ын гишүүд ээ, Хууль Зүйн байнгын хорооны гишүүд ээ. Би та нарт хандаж хэлж байна. Та нар ч бас Монголын төрд тангараг өргөсөн хүмүүс. Хууль шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний асуудал УИХ-ын гишүүдийн байнга хараандаа авч байх зүйл. Энэ хэрэг таван жил
болсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг прокуророос мэдэгдсэн.
Ш.Раднаасэд:
-Ц.Нямдорж сайдын өгсөн бичиг бий. Харамсалтай юм билээ. Л.Болд гишүүн С.Зориг агсантай холбоотой асуудлыг ярьж байх шиг байна. Нэг ч хүн энэ хэргийн эсрэг байхгүй байгаа. Та нарыг ярихаар шударга юм шиг, бусад нь шударга бус юм шиг байдал харагдаад байгаа. Үүнийг шийдвэрлэхийн төлөө бүгд явж байгаа. Ажлын хэсэг хуралдаад зургадугаар сарын 22-нд хамгийн сүүлд Ж.Батзандан гишүүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Ирэх даваа гарагт тусгай хяналтын дэд хороогоор шалгуулъя гэдэг санал дүгнэлтийг УИХ-ын даргад явууллаа. Та миний эзгүйд баахан зүйл ярьсан байсан. Өчигдөр миний гарын үсэгтэй бичиг УЕП руу явсан. Явах журмынхаа дагуу явж байгаа шүү дээ. Түүнээс хойш нь чангаасан зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийн хувьд 100 хувь шийдэгдээсэй гэж хичээж байгаа.
Ц.Нямдорж:
-Түр хороо байгуулах ёстой байна. Иргэдээс ирж байгаа ноцтой мэдээ мэдээлэл, өргөдлийг анхааралдаа аваад, нарийвчлах хэрэгтэй. Та нар хүний зовлонг ойлгож үзээч дээ гишүүд минь ээ. Бидний ах дүүг ингээд хорьчихвол сайхан байх уу. Адилхан хүн. Ганцхан л амьдарна шүү дээ. Яахлаараа шүүхээс ял шийтгүүлсэн гурван хүнийг Ц.Амгаланбаатар гэж хүнийг оруулж дарамтлуусан байдаг юм бэ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булганы байцаалтад бас оруулсан. Хэргээ хүлээ. Ийм л зүйл болсон өргөдлүүд байнга яваад байгаа. Энэ бол 1937 оны арга барил. Түүх мартагдаагүй байна. Үүнд анхаарал тавиад өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол хүний чинь хувьд хүсч байна. Монголд ийм адал явдал байж болохгүй.