ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаадад байгаа иргэдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачлав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-11

Хилийн чанадад нийт 180 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа аж. Коронавирусийн цар тахлын улмаас бодит хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулгараад буй эдгээр иргэдэд Монгол Улсын Засгийн газар  тусламж, дэмжлэг үзүүлэх зайлшгүй  шаарлага үүсээд буй юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгаа улсынхаа консулд хандаж бүртгүүлэх, амжиргаа залгуулах мөнгөн хөрөнгө олгох УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа.

Хүнд нөхцөлд орсон иргэдээ Монгол Улсын төр одоо л  дэмжихгүй бол ажлын байргүй, амжиргааны зардалгүй болсон монголчууд маш хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж байгааг АН-ын зүгээс мэдээлж буй. Үүнээс гадна Европын орнууд болон АНУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэд арьс өнгөөр гадуурхагдах зэрэг бодит бэрхшээлтэй тулгараад байгаа юм.

Гадаадад ажиллаж, амьдарч буй  манай улсын 200 орчим мянган иргэнд сар бүр 200 ам.долларын хүнсний болон амьжиргааны тусламж, дэмжлэг үзүүлэхэд улсын төсвөөс сард 40 000 000 ам.доллар буюу 111 тэрбум 256.8 сая төгрөгийн (USD 2,781.42 – 2020/4/9) зардал гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 667 тэрбум 540.8 сая төгрөгийг гадаадад ажиллаж амьдарч буй иргэддээ олгох юм.

Аливаа гэнэтийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон монгол иргэдэд туслах зориулалт бүхий  "Гадаадад байгаа иргэдэд туслах сан” гэж  бий. Тус санд жилд дунджаар 100 орчим сая  төгрөг төвлөрдөг. Гэвч сангийн хөрөнгө гадаадад ажиллаж, амьдарч буй 200 орчим мянган иргэнд тусламж, дэмжлэг үзүүлэхэд хүрэлцэхгүй. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн энэхүү санаачилга цаг үеэ олсон шийдэл гэж тус намын зүгээс үзэж байгаа юм аж.