Нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Намайг эзгүйд гэрт маань судалгааны баг гэх хүмүүс очжээ. Тэгээд 12 настай хүүхдээс маань “Аав чинь аль намыг дэмждэг вэ” гэж асуусан байх юм. Арай хэтэрнэ ээ” хэмээн бичсэнийг нь олж уншлаа. Мэдээж энэхүү мэдээлэл үнэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ худлаа хэмээн үгүйсгэж бас болохгүй юм. Ямар ч үндэслэлгүй зүйлийг иргэн хүн санаанаасаа зохиож бичнэ гэж байхгүй билээ. Мөн зарим хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд нь иргэдийн гар утас руу залгаж, улс төрийн аль намыг дэмжиж байгаа, тойрогтоо хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч байна хэмээн асуусан талаар ч танил маань хуучлав. Тэгэхээр сонгууль дөхсөн өдрүүдэд энэ мэтээр рейтинг тогтоох гэсэн судалгаа газар сайгүй явж байгаа нь үнэн болж таарлаа.
Коронавирус хэмээн наанаа хөл хорио тогтоосон ч сонгуульд өрсөлдөх гэсэн улс төрийн намууд нь рейтинг тогтоох судалгаа нэрээр өөрийнхөө намын нэр дээр байдаг судалгааны байгууллагуудаар тандалт явуулж эхэлсэн нь худлаа биш. Тухайлбал, хөл хорио тогтоосныг үл тоож, нэр хүндтэй байгаа энэ цаг үедээ сонгууль хийхээр улайрч буй МАН-ынхан ирэх сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодруулах гурван үе шат бүхий судалгаа явуулсан гэх мэдээлэл соошл орчинд болон, мэдээллийн сайт, өдөр тутмын сонинд гарч эхлэв.
Судалгааны эхний шатанд нэр дэвших санаархлаа илэрхийлсэн 300 гаруй хүнээс мөнгө татсан бөгөөд тунаж үлдсэн нь 100 гаруй байсан аж. Харин эдгээр 100 гаруй хүн мөн л хоёрдугаар шатны санал асуулгад мөнгө хандивлана. Эндээс тунаж үлдсэн 76 нэр дэвшигч гуравдугаар шатанд өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдээс хэр зэрэг рейтинг өндөртэй явна вэ гэдгээ харахын тулд мөн л мөнгө төлөх гэнэ. Ингэснээр нэг нэр дэвшигчээс гурван шатны санал асуулгад нийтдээ 150 сая төгрөг татсан гэх мэдээлэл цацагджээ.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол “МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” хэмээн индэр дээрээс “том” дуугаар амлалт өгсөн Намын дарга У.Хүрэлсүхийн амлалт нөгөөх л үр дүнгүй попрол болоод өнгөрчээ гэсэн үг. Улс төрийн нам бүхэн ямар нэг байдлаар гишүүдийн татвар, нэр дэвшигчдээс мөнгө босгох зарчмаар сонгуульд оролцдог бичигдээгүй хуультай. Гадны улс орны улс төрийн намууд ч хандивын зарчмаар л санхүүжилтээ босгодог. Тухайлбал, манайд Ардчилсан нам энэ зарчмаар нэр дэвшигч нэг бүрээс 100 сая төгрөгийн хандив босгох байдлаар сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ. Харин үүнийг нь хамгийн их шүүмжилсэн хүмүүс нь Ардын намынхан байлаа.
Гэтэл намынхаа гол “түрийвч” нарыг өнгөрсөн дөрвөн жил алдаж дууссан Ардын нам ямар мөнгөөр сонгуульд оролцож, хаанаас босгосон 15 тэрбумаар судалгаа хийлгээд байгаа нь сонирхолтой. Өнгөрсөн хугацаанд МАН тэрбумтан гишүүдийнхээ хандиваар л сонгуульд оролцож, дөрвөн жилийн намын санхүүжилтээ босгодог байсан. “60 тэрбум” бол түүний бодит дүр төрх. Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Төмөрхүү, М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй гэх мэтээр тэрбумтнууд нь намаа санхүүжүүлж, шагналд нь Дэд сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, салбарын сайдын суудал шагналд авдаг байлаа. Харин У.Хүрэлсүх намын дарга болсноос хойш “Хотын фракци”-ийг шахаж эхэлсэн байдаг.
Ингэснээр чамгүй олон “түрийвч”-ээ алдсан нь бас худлаа биш. Угтаа намын гол мөнгийг босгож байсан хүмүүс ЖДҮ, авлига, албан тушаалын хэргээс болж, өнөө жилийн УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нэр дэвших мандат өвөртөлж чадахгүйд хүрчээ.
Корона дотоодын байтугай дэлхийн эдийн засгийг донсолгож буй ийм хүнд цаг үед Ардын нам дан ганцхан намын даргынхаа “халаасыг ухаж” сонгуульд өрсөлдөнө гэдэгт хүүхэд ч итгэхгүй биз ээ. Тиймээс л нэр дэвшигчдээс авах хандиваа ил тод авч чадахгүй, хэлсэн үгэндээ бантахдаа судалгаа явуулах нэрийн дор цуглуулчихав уу гэсэн хардлага гараад байгаа юм. Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна гэдэг л болж байгаа хэрэг. Ил тодоор зарлаад авч буй АН-аасаа ч ичгэвтэр үйлдэл гаргаж байгаа нь тэр. Төрийн мөнгөөр л сонгууль хийж, төсвийн мөнгөөр намаа сурталчлах гээгүй л юм бол хүссэн ч эс хүссэн ч УИХ-ын гишүүн, сайдын суудлаа үнэлэх нь цаг хугацааны асуудал байсан. Харин түүнийгээ цэвэрхэн, бас элдэв хардлагагүй хийж чадсан гэдгээрээ л Ардын нам ялгарах гэж хичээсэн. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр цагийн аясаар үнэнд гүйцэгдлээ, тэд.