ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Доржзодов”-уудаас айж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-06

Ажлаа хийж асуулт асуусан сэтгүүлч бүсгүй, асуултад нь хариулахдаа бухимдсан эмч хоёрын өмнөөс монголчууд хоёр хуваагдан хэрэлдэж байх аж. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар маргалдаагүй байхад л тэднийг маргалдуулах гэж улайрч, өмнөөс нь чат зохиож харлуулах ажиллагаа явагдлаа. Төртэйгөө тэрсэлдсэн хүн толгойгүй гэлцдэг байсан их хэлмэгдүүлэлтийн үе эргэн иржээ хэмээн халаглахад ч багадмаар.

Ажлаа хийсэн сэтгүүлчийг амар тайван ажиллуулахгүй тагнаж чагнаж, утасны бичлэг, чатыг чинь дэлгэнэ гэж айлгадаг цөвүүн цаг Монголд иржээ. Нөгөөтээгүүр, сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ч “доржзодов”-ууд олон арваараа төрөн гарч байх юм. Цаашдаа ч хэдэн арван аймшигтай, гутамшигтай бичлэг, нэг нэгнийхээ “бөгс” ухсан увайгүй үйлдэл үзүүлэхийг хэн ч таашгүй.

Намынхаа ҮБХ-ны хуралдаанд зарчмын санал тавьсан намын даргыгаа хүртэл “доржзодов”-дож байна, тэд. Нэг тойрогт өрсөлдөх хүнийхээ араас байнгын тагнуул тавьж, казино тоглосон, казинод орсон гэх мэтээр аль муу муухай бүхнийг хийж байх аж. Тэр тусмаа АН-ын залгамж халаа гэгдэх залуу үеийнхнээс ийм муухай араншин цухалзах болсон нь аймшигтай. Энэ нам хэзээд дотоод ардчилалтай байсан. Магтаал, шүүмжлэл, маргаан нь ил явдаг. Гэхдээ тэр нь намын хурлаасаа нууц бичлэг хийж, түүнийгээ олон нийтэд цацах тухай асуудал огт биш. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг шиг ил гараад шүүмжилдэг, С.Эрдэнэ шиг ил тод дургүйцлээ илэрхийлэх тухай асуудал.

Ардын намын 60 тэрбумын схемийг задруулсан Г.Доржзодов гэх залуу тухайн үедээ “баатар” мэт харагдаж байсан ч өнөөдөр харин улс төрд ямар муу муухай жишиг тогтоосныг бид харлаа, хангалттай ч мэдэрцгээлээ. Тэр үед Г.Доржзодовыг муулж, араас хутгалдаг арчаагүй эр хэмээн зүхэж байсан ардчиллын залуус өнөөдөр харин өөрсдөө “доржзодов” болцгоожээ.

Хөх хотод консулаар ажиллаж байхдаа Ж.Батзандантай нийлэн наймаа үсэргэж байсан гэх Д.Мөнх-Эрдэнэ гэгч мөн л Ж.Батзандангийнхаа бичлэгийг дэлгэж байсан нь саяхных. Худал хэлснээ гавьяа мэтээр ярьж байсан энэ нөхөр өдгөө бие даан нэр дэвшинэ хэмээн сагаж яваа. Гэвч нөгөөх л дээрэнгүй араншин нь яг хэвээрээ. Ах захаа мэдэхгүй, алиа нөхөр гэдгээ л тэрхүү бичлэгээр харуулж, өрсөлдөөнд шударга байж чадахгүй гэдгээ нотлов. Маргааш дахиад өөр хэн нэгний бичлэгийг задалж чадах увайгүй нэгэн гэдгээ дахин нотлов. Мөн Д.Сүндий гэх залуугийн шалгуулж байгаа хэргийн материалыг задалсан өрсөлдөгч нь ч муу муухайгийн жишээ боллоо. Хүчирхийлэгч өөрөө муухай харагдаж байгаа ч түүнийг задалсан нь бүүр ч муухай. Сонгууль дөхөхөөр л Л.Эрдэнэчимэгээр оролдож байгаа шинэ үеийн залуус муугийн жишээ болон яригдах биз.

Нийгмийн салбар бүхэнд “доржзодов” мэндэлж, цагдаа, тагнуул нь хүртэл яг ийм зарчмаар ажиллаж байх юм. Унагах гэсэн нэгнийхээ бичлэгийг задалдаж, улс төрийн шалтгаанаар дарамтлах боллоо. Уулзаж суугаа хүнийгээ утсаар бичлэг хийж байх вий, намайг тагнах вий, миний чат задрах вий гэсэн байнгын айдас, хүйдэс биднийг нөмөрч байгаа нь хэрхэвч эрүүл үзэгдэл биш.

Хүний эрхийн төлөө насаараа ажилласан Ж.Бямбадорж даргыг ч замаасаа зайлуулахын тулд мөн л эрх мэдэлтнүүд “доржзодов”-уудаасаа ашигласан нь худлаа биш. Байгууллагынхаа ойн баярт оролцохдоо сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бага зэрэг халамцуу үг хэлж буй даргынхаа бичлэгийг хүртэл олонд задлах хүртлээ манай нийгэм ялзарчээ. Хайрлаж явдаг сэтгүүлзүйн салбарт маань хүртэл тийм хүмүүс хэдэн арваараа нэмэгдэж, хамт ууж идсэн найзуудаа бичдэг, хамт олныхоо чат, сэтгүүлчдийнхээ чатаас хүртэл мэдээлэл дамжуулж, мөнгө олдог болов.

Сайд даргад сайн хүн болж харагдах гэж, маазарсан чатыг хүртэл дамжуулж байсан жишээ манай салбарт бий. Н.Номтойбаяр гэх залууд хүртэл сэтгүүлчдийн хаалттай группээс скрийн шот хийж дамжуулсан ичмээр, эмгэнэлтэй асуудал гарлаа. Үнэний төлөө гэсэн ганцхан уриатай сэтгүүлчид нь хүртэл өнгө мөнгөний хорвоод нэгнээ худалдаж идэх хүртлээ доройтжээ.

Энэ бол эмгэнэл. Ууж идэж суухдаа бичлэг хийх вий хэмээж, олон нийтийн газарт орж сууж чадахгүй болтлоо айдастай болов. Хэзээ нэг өдөр миний бичлэг, миний алдаа гарч ирэх юм биш биз гэсэн айдастайгаа хүлэгдсэн улстөрчид хиймэл баг өмсөж амьдарч байгаа. Монголын нийгэм улам бүр нуух зүйлтэй болж, нэгэндээ итгэж чадахгүйд хүрч байгаа нь эрүүл нийгэм, шударга ёсны тухай ойлголт огтхон биш билээ. Дургүй хүргэсэн нэгнээ соошлоор “алж” байгаа ийм зүйлийг хэрхэвч өөгшүүлж болохгүй юм.

Тиймдээ ч ирэх өдрүүдэд бичлэгт орсон нь бус бичлэгийг задалсныг нь жигшицгээе. Улс төрийн босгоор ийм “доржзодов”-уудыг алхуулахгүй байх ёстой. Асуудлын үнэн мөнийг гарч ирээд ярьж чадахгүй, арчаагүй арга хэрэглэж буй тэд хэзээ ч шударга нэгэн биш гэдгийг ойлгоцгооё. Ил гарч ирж чадахгүй, далдаас ийм зүйл хийж байгаа хүн бүхнийг төрийн босгоор битгий алхуул. Шударга ёсны төлөө бамбай болох, үнэнийг илчилнэ гэдэг эндээс шал өөр ойлголт юм шүү.