ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгогчдын боловсролд: МАН, АН-ын эмэгтэйчүүдийн манлайлагчид нь хэн бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-07

Сонгуулийн тухай хуулийг батлах үед эмэгтэй гишүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагаас нийт квотын 30 хүртэлх хувийг эмэгтэй нэр дэвшигчид өгөх ёстой гэсэн улс төрийн акц зохион байгуулсан ч дэмжлэг авч чадаагүй юм. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар нэр дэвшихээр санаархаж байсан олон эмэгтэйчүүд квот олдохгүй гэх шалтгаанаар сонгуулийг өнжих, эс бөгөөс өрсөлдөгчөө “намнах” замаар өөрийгөө намын даргадаа танилцуулах, таалагдах шаардлага үүсч байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хэмжээнд ердөө гурван мандат бий. Энд мэдээж нам бодлогоороо хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн зарчмаар нэр дэвшигч явуулна. Нэг тойрогт хоёр эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулах шаансгүй учраас тэр л дээ. Эндээс шалтгаалж, Сэлэнгэ аймгийг өнгөрсөн дөрвөн жил тойглосон МУИС-ийн доктор Ч.Ундрам, “Сөүл” группын Ерөнхийлөгч Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын дунд өрсөлдөөн өрнөлөө. Энэ гурваас аль нэг нь тойргоо авч үлдэх учраас намын даргадаа таалагдах өрсөлдөөн эцэстээ нэгнийхээ муу муухайг дуудах, хагаралдах шалтгаан болжээ. Эмэгтэйчүүдийн квот дэндүү хангалтгүйгээс олон ч боловсролтой, чадалтай эмэгтэйчүүд өнөө жилийн сонгуулийг өнжиж, харин боловсролгүй атлаа мөнгөтэй нь өмнө нь алхах болов. Эндээс болж эмэгтэйчүүдийн нэр хүнд нийгмийн дунд улам бүр унасаар байна. Тиймдээ ч энэ удаа улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН эмэгтэй нэр дэвшигчиддээ илүү өндөр шаардлага, шалгуур тавьж эхэлжээ. Мэдлэг боловсрол, нийгмийн дундах нэр хүнд зэрэг олон шалгуур үзүүлэлтээр нэр дэвшигчээ шалгаруулж байна. Эрх баригч Ардын намын тухайд туг болох бүсгүйчүүдээ олон удаагийн санал асуулгаар тодруулахаас гадна эзэмшсэн мэргэжил, боловсролд нь илүүтэй анхаарч байгаа.

Намаас хоёр шаттай явуулсан рейтингийн судалгаагаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Гарамжав, М.Билэгт, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Д.Оюунхорол нарын нэр хүнд иргэдийн дунд илүү санал авсан гэх. Тэгвэл улс төрийн хоёр гол намын эмэгтэйчүүд дотроос боловсрол, рейтинг, бусад зүйлсээрээ ч ялгарч буй эмэгтэйчүүдийн хэн нь хэн болохыг сонгогч таны боловсролд зориулан бэлтгэлээ.

Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нарын рейтинг “цойлов” уу

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд Улаанбаатар хотод нэр дэвших нь тодорхой болсон. Англи, Хятад хоёр хэлээр төгс ярьдаг, АНУ, БНХАУ-д тус тус дээд боловсрол эзэмшсэн чадвартай, мэдлэгтэй бүсгүй. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, улс төрийн талбарт хамгийн нэр хүндтэй явсан бөгөөд гурван ч дүүрэгт рейтинг нь бусад улстөрчдөөсөө өндөр гарсан гэх. Гадаадын томоохон компаниас эхлээд Оюутолгой, “Петровис” зэрэг Монголын толгой компанид ажиллаж байсан билээ. Эзэмшсэн боловсролоороо намын эмэгтэйчүүдээс гадна улстөрд ч тохой илүү хэмээн үнэлэгддэг. Мөн улсын төсөв өнгөрсөн дөрвөн жил алдагдалгүй явж, эдийн засагт эерэг дохио өгч байсан нь гар нийлж ажилласан хоёр сайдын амжилт гэдэгт маргах юун. Тиймээс эхний таван эмэгтэй нэр дэвшигчийн нэгээр түүнийг нэрлэж байгаа юм.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн рейтинг өндөр байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эх орондоо дэгдээхгүй чанга хатуу барьж, сайн менежер гэдгээ харуулснаас гадна намын нэр хүнд өсөхөд ч нөлөөлж чадсан учраас энэ удаа Хан-Уулын тойрогтоо рейтингээрээ эхний гуравт байгаа аж. Мөн Сэлэнгэ аймагт горилж буй МУИС-ийн доктор Ч.Ундрам боловсрол мэдлэгээрээ мөн л өндөрт орж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн тухайд сонгогдсон тойрогтоо хамгийн сайн ажилласан улстөрчдийн нэг. Намын дэргэдэх болон бусад шатны судалгааны байгууллагууд дүүргийнх нь иргэдийн дунд рейтингийн судалгаа явуулахад бусад улстөрчдөөс эхэнд жагсаж байсан учраас намын дарга нь энэ удаа ч түүнд тойргийг нь хариуцуулах нь тодорхой. Б.Саранчимэг нь ОХУ-д мэргэжил эзэмшсэн бөгөөд УИХ-д сууж буй цөөхөн инжнерүүдийн нэг. Мөн Харвардад Удирдлагын хөтөлбөрөөр суралцахаас гадна МУИС, ШУТИС-ийг тус тус төгссөн байна. Ажлын гараагаа УИХ-ын тамгын газраас эхэлж, өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдийн зорин очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөл дээр нь босгож чаджээ. М.Билэгтийн тухайд хөдөө орон нутагт нэр дэвшиж байгаа эмэгтэй улстөрчид дундаас хамгийн өндөр рейтингтэй байгаа. Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн талаар хамгийн их дуугардаг гишүүдийн нэг. Хэдийгээр зэмлэл шүүмжлэл дундуур урагшилсан ч хууль тогтоох улстөрчийн үүргээ хариуцлагатай биелүүлж, өнгөрсөн дөрвөн жилд нэг ч удаа чуулганаа таслаагүй, нийт хуралдаанд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн тоогоороо тэргүүлж байгаа юм. Мөн орон нутагтаа ч хамгийн их ажилласан улстөрчдийн нэг учраас нам нь түүнд итгэл үзүүлж, дахин нэр дэвшүүлэх магадлал өндөр. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын тухайд мөн л УИХ-д байгаа цөөхөн инженерүүдийн нэг бөгөөд тойрогтоо ч чамлахааргүй ажиллажээ.

Р.Булгамаа, С.Одонтуяа нар АН-ын эмэгтэйчүүдийг өнгөлнө

Тэгвэл хүчтэй өрсөлдөгч болох АН-ын эмэгтэйчүүд дотор мөн л рейтингийн судалгаагаар хэн нь илүү, хэн нь сул байна вэ гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Хамгийн эхэнд мэдээж хуульч Р.Булгамаа бичигдэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн асуудлаар өнгөрсөн хугацаанд хамгийн үр дүнтэй ажиллаж, олон зуун ээжүүдийн асуудлыг тэр шийдэв. 13-хан настай бяцхан охин зочид буудалд бусдад хүчиндүүлж амиа алдсан, өнчирч үлдсэн дөрвөн бяцхан хүүхдийн ээж нь хойд аавынх нь гарт амиа алдсаныг шүүх үл тоосон, өндрөөс унаж амиа алдсан загвар өмсөгч бүсгүйн хэрэг гээд түүний хариуцсан маш олон хэрэг дандаа үнэн зөвөөр шийдэгдсэн юм. Монголын хууль шүүхийн өмнө сөхөрч байсан тэд сайн өмгөөлөгчийн ачаар шударга ёс байдаг гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч 2020 оны “Шилдэг хуульч”-аар Р.Булгамааг нэрлэснээс гадна, шинэ үеийн залуусын төлөөлөл болон өрсөлдөх аж. Түүний хувьд эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй аж. Мөн боловсрол, туршлагаараа Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа шилдэгт бичигдэж байгаа. Намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаа түүний хувьд Баянгол дүүрэгт томилогдсон олон Засаг дарга нараас сэтгэлтэй, зүтгэлтэй бас чадварлаг нь хэмээн үнэлэгдэж байгаа.

Тиймдээ ч тойрогтоо рейтингээрээ эхний гуравт бичигдсэн талаар судалгааны байгууллагууд бичиж эхлэв. С.Одонтуяа нь ОХУ-д боловсрол эзэмшсэн Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Түүний аав нь ч мөн гавьяат эдийн засагч байсныг хүн бүхэн мэднэ. Үүнээс гадна СХД-т өнгөрсөн дөрвөн жил өөрийгөө чамгүй таниулсан Б.Пунсалмааг нэрлэе. МУИС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн ч эзэмшсэн мэргэжлээрээ бус эрчүүд голдуу өрсөлддөг шатахууны бизнест хөл тавьж, өдгөө “М-Ойл” группыг амжилттай удирдаж явна. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирддаг. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөгийн парламентад яах аргагүй байх ёстой өнгө. Мэргэжлийн эдийн засагчийн дуу хоолой, тэр тусмаа сөрөг хүчнээс гарах нь чухал байдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид харсан. Тиймдээ ч тойрогтоо яаж ажиллав гэдгээс илүү том зургаар харвал З.Нарантуяа энэ төрд хэрэгтэй улстөрч юм.

Мэдлэг чадвар, боловсролын хувьд гологдохгүй кандитат учраас нам нь энэ удаад ч тойрог өгөх нь тодорхой биз. З.Нарантуяа нь ОХУ-д Хуульч, эрхзүйч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн юм. Төв банкинд мэргэжилтнээс эхлээд дандаа эдийн засаг, мөнгө санхүүгийн хариуцлагатай албанд томилогдож байлаа. Увс аймагт нэр дэвшихээр яригдаж буй НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг бол АН-ын эмэгтэйчүүдийн эерэг дүр. Түүний хувьд МУИС-ийг хуульч, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгсөж, Баянгол дүүргийг төлөөлөн НИТХ-д сууж байсан. Харин энэ удаа төрсөн нутаг Увс аймагтаа өрсөлдөхөөр бэлтгэж байгаа аж.