Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан 09.05 цагт эхэлсэн боловч улсын яллагч О.Мөнх-Од нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон нийт шүүгчдийг татгалзсан тул улсын яллагчийн дээрх татгалзлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.
Иймд улсын яллагчийн гаргасан татгалзлыг шийдвэрлэх хүртлэх хугацаагаар тус шүүх хуралдааныг хойшлууллаа.