ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга: Боломжийг хулгайлдаг бус боломж олгохын төлөө ажиллаарай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-30

УИХ-ын сонгуулийн найм дахь удаагийн парламент өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. УИХ-ын гишүүд өчигдөр гишүүний үнэмлэхээ гардан авсан бол өнөөдөр төрийн тугандаа тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх билээ. Тэгвэл анхдугаар хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, шинэ гишүүдийг эгэл иргэний боломжийг хулгайлдаггүй, төрд сууж лицензийн наймаа хийдэггүй жудагтай улстөрч байх ёстойг санууллаа. Чуулганы индрээс чамгүй чимхээд авсан түүний үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

-Монгол Улсын өмнө хохирол багатайгаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, шаардлагатай хууль дүрэм журмыг гаргах зэрэг маш олон хариуцлагатай ажил та бүхнийг хүлээж байна.

-Зөв шийдвэр гаргах, хариуцлагатай цаг үед та бүхэн гишүүн боллоо. Ард иргэдийн итгэлийг авсан тул ёс зүйтэй байж, иргэдийнхээ боломжийг ашиглаж хулгайлах бус иргэддээ илүү их боломж олгохын тулд ажиллахыг хүсье.

-Өмнөх парламентын 40 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдсон. УИХ-ын гишүүд гэмт хэрэгт нэр холбогдож хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг унагалаа.

-Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Нэг гишүүн 1-46 лиценз эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн байна. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Парламентын гишүүдийн авсан тусгай зөвшөөрлийг 76 хүнд хувааж үзвэл нэг гишүүнд 5.3 лиценз ногдож байна.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдсон байхад СЕХ ямар ч тайлбар хийсэнгүй.

-2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэх вэ гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна. Тиймээс СЕХ-ны удирдлагуудыг огцрохыг энэхүү индрээс шаардаж байна.

-МАН-ынхан өнгөрсөн рүү буруу чихэх биш, шийдлээс бултах арга байхгүй билээ. Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэлээ. Мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй байна.

-Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН цаашид намаа шинэчлэх цаг болжээ.

-2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4 хувь, 2012 онд 35.3 хувь, 2016 онд 33.6 хувь, 2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна.

-Энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд үнэтэй сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем, аргачлалаа солих хэрэгтэй болжээ.

-Экспортын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой орлогын баталгааг бий болгох, арьс шир боловсруулах 10 мянган үйлдвэр зэргийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.

-Асар их ажил, зоригтой шийдэл та бүхнийг хүлээж байна.

-МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж байгаа нь системийн гажуудал юм.

-Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.

-Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.

-Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна

-Жилд 10 – 15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм.

-Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.