ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн Нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажилласан юм.  Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж, өнгөрсөн онд дуусгасан. Улмаар Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлууд энэ сарын сүүлээр дуусаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Тус төслийн хүрээнд 19 сая метр куб газар шорооны ажлыг гүйцэтгэж, 376 төмөр бетон хоолой, 6 зөрлөг, 1 өртөө бүхий төмөр замыг барьж байгуулна. Төслийн танилцуулгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх нар хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа нар орон нутагт ажиллаж байна. Сургалтын хэлбэрээс үл хамааран ном сайн уншиж, эрдэмд шамдахыг сурагчдад захилаа. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар хагаст бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Улмаар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулсан дэвшүүлсэн мэндчилгээндээ, цахим сургалтын чанар, үр дүн, өгөөжийн асуудлыг хөндөж, хүүхэд, залуусын сурч боловсрох боломж алдагдаж буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн билээ. Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар сургуулийн удирдлага, багш, сурагчидтай ярилцаж, санал, бодлыг нь сонслоо. Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээг хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байсан талаар сургуулийн удирдлага энэ үеэр танилцуулж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: 2013 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 41 бүлгийн 1,360 гаруй сурагч, 92 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны байдлаар Сүхбаатар аймагт 24 цэцэрлэгт 6.6 мянган хүүхэд хамрагдаж, ерөнхий боловсролын 16 сургуульд 12.3 мянган хүүхэд өдрөөр суралцаж, нэг МСҮТ-д 371 суралцсан байна.