ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СҮХБААТАР АЙМГИЙН 214 ЭЭЖИД “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт хотод ажиллах үеэрээ Сүхбаатар аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Сүхбаатар аймаг 62 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нар байгаа юм.

“Монголын сайхан ээжүүд ээ, ачит эхчүүд ээ, Та бүхний энэ өдрийн мэндийг амар амгаланг айлтгаж, эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Монголчууд бид “шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл унтах нойроо умартан босож хуурайлсан мянга, мянган шөнийн ганцхан шөнийн ачийг хариулдаг”  хэмээн ярьж, хэлэлцдэг ард түмэн. Ийм л хэмжээлшгүй их ачлалын эзэн болсон ээжүүдэд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа миний бие баяртай байна. 2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын  өмнөөс  үе шаттайгаар гардуулж байна. “Алтан овоо”-гоо тахиж, ардынхаа арвин өв соёлыг тээж яваа 62 мянган хүн амтай Сүхбаатар аймгаас энэ жил нийт 214, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил “Эхийн алдар” одонгоо нэгэн зэрэг гардан авч байгаа эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүн ам цөөтэй Монгол Улс үеийн үед хүн амаа өсгөх, эхчүүд, хүүхдүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. “Эхийн алдар” одон ээжүүд Та бүхний монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл, боловсролтой, зөв монгол хүн болгон өсгөн торниулж буйд тань үзүүлж буй төрийн өчүүхэн хүндэтгэл юм. Төр үүнээс ч илүүг хийх ёстой. Ялангуяа, хүүхэд хамгааллын бодлогоо бүх түвшинд оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр онцгой анхаарч ажиллах учиртай. Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Сүхбаатар аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья. Монголын үрс маш олон болтугай!” гэв.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.