ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зуун жилээр үнэлэгдэх ордоо лангууны цонхоор зарах нь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-04

Найр, наадамтай зэрэгцэн хамгийн будлиантай, бантан хутгасан хуулиа чимээгүйхэн шургуулж баталдаг “хулгайч” зангаараа МАН-ынхан наадам дөхсөн энэ өдрүүдэд  дураараа дургив. Хулгайн хуулиудын хамгийн ноцтой нь Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төсөл байсан юм. Намын хэрүүлээ олонд ил болгож, наагуураа халхавч хийчихээд цаана нь том бялуугаа эвтэйхэн хуваагаад хүртчихэв, МАН-ынхан.

Мөнгө ханхалсан том ордын эрх ашиг дээр 32, 32 гэж хуваагдсангүй. Харин баярын ширээний ард таваг, сэрээгээ барьж суучихаад эвтэйхэн хувааж хүртсэнийг харахад энэ том ордын цаана эрх баригч намын 64 улстөрчийн эрх ашиг нуугдсаныг бэлхнээ хэлээд өгөх биз ээ. IPO хийх 30 хувиас хэн хэдэн төгрөг авахаа ч тохирчихсон байх. УИХ-аар баталсан даруйд МАН-ын улстөрч бүхэн “Маш том шийдвэр гаргалаа, эдийн засгийн эргэлтэд оруулж, гадны хөрөнгийн биржид IPO гаргаж, энэ улсыг хөгжүүлээд өгнө” хэмээн ярив.

Бүр УИХ-ын дарга М.Энхболд хүртэл “Ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлтийг 10 хувьд хүргэж, 5.800 ажлын байр нэмэгдэж, Монгол Улсын экспортын орлогыг 2.5 тэрбум ам.доллароор өсгөж, улсад татварын орлогоос 400 саяас 1.2 тэрбум доллар нэмж орж ирнэ” гэсэн амлалт өгөх нь тэр.

Угтаа Тавантолгойг хөрөнгийн биржид нээлттэй арилжаалснаар төмөр зам гацаанаас гарч, элгээрээ хэвтсэн эдийн засгийн хямралаасаа жилийн дотор гарна гэсэн мөрөөдлийн пиарыг тэд төлбөртэй, төлбөргүй, өөрийн, өрөөлийн хэвлэлээр өдөр шөнөгүй бөмбөгдөж байна. Яг л “Оюутолгой гараанаас гарлаа, одоо энэ төсөл Монгол Улсын биш олон улсын төсөл боллоо” хэмээн шоудаж байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын замналаар тэд урагшилж байх юм. Хэтэрхий их цагаан пиар, найр далимдуулж хийсэн хулгай сайн зүйл дагуулж байгаагүйг эрх баригчдад сануулах нь илүүц биз. Магад маргааш энэ тогтоолын араас УИХ нь ажлын хэсэг гарган шалгаж, улстөрчид нь хорих ангид бөөндөө хуралдаж суухыг үгүйсгэх аргагүй юм.

УИХ-ын гишүүн Л.Болд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголын түүхэнд хар өдөр тохиолоо” хэмээн онцлоод “60 тэрбум”-ын гэх бичлэгт Тавантолгойг гадаадад мөнгө угаах зарчмаар шийдвэрлэнэ. Энэ талаар сүүлд тусдаа ярилцъя гэж яригдсан байдаг. Тэгэхээр энэ бичлэг дээрх яриа нь хэрэгжиж байна уу гэх хардлага хүмүүст төрөөд байх шиг байна” хэмээн ярьжээ. МАН-ынхан анх энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ярихдаа АН-тай хэлэлцээний ширээний ард суусан аж. Тохироо ч явсан юм билээ. Монгол Улсыг 100 жил тэжээх, 20 гаруй жил “зэлтэрийн гацаан”-д байсан том орд урагшилна гэхэд хүн бүхэн баярлаж байв. Олон жил яригдсан 1072 хувьцаа амь орж, ард түмний мэдэлд байгаа 14 хувь эргэлтэд орж, том ордын баялгаас ашиг хүртэнэ гэсэн хүлээлт нийгэмд байлаа. 

Гэвч тийм зүйл болсонгүй. Өөрөөр хэлбэл, АН-ын зүгээс нийт ордын толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ыг иргэдийн мэдэлд өгөх, эсвэл ард түмний хяналт оруулж, нийт иргэд баялаг хүртэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн санал гаргаж, ард түмний мэдэлд 51 хувийг оруулъя гэх саналыг гаргажээ. Гэвч удаа дараагийн хэлэлцүүлгийн дараа 49 хувиар яригдаж, дараа нь 34 хувьд хоёр тал тохирсон ч олонхийн бүлэг хэлсэн амнаасаа буцаж, толгой компанид ард түмний хяналт оруулахыг хүссэнгүй.

Цаг хугацааг найман жилээр ухрааж үзвэл, 2010 онд буюу яг л найман жилийн өмнө наадмын өмнөхөн баталж байсан 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Монгол” компанийг нийт уул уурхайн компаниудын баланс, хөрөнгийн тооцооллыг нэгтгэдэг, нэгдсэн том компани болох зорилгоор байгуулж байсан түүх бий. Гэвч тогтоол хэрэгжсэнгүй найман жил өнгөрч, толгой компани байх учиртай “Эрдэнэс Монгол” нь Гашуунсухайтын зам хариуцсан компани болж, ор нэр төдий үйл ажиллагаа явуулж байх юм. Хэрвээ эрх баригчид баталсан тогтоолоо хэрэгжүүлсэн бол бид стратегийн 15 ордыг энэхүү компани дээр төвлөрүүлж, тэндээсээ олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгож, IPO хийгээд явж байх байлаа. Ард түмэн үүнийг л хүсч байгаа. 15 орд газрын хөрөнгө хэрхэн босч, баялаг хэрхэн иргэдэд хүртээмжтэй очих вэ гэдэг ард түмэн хяналт тавьж, Монгол Улсын баялаг хяналтгүй гадагшаа гарахгүй байв. Харин МАН үүнийг хүссэнгүй.

Угтаа 15 ордыг тус бүрийг нь тэд ямар ч хяналтгүй, хулгайгаар, наадам дөхүүлээд “эргэлтэд оруулна” гэсэн сайхан үгээр халхавчилж энэ мэтээр үрэн таран хийхээр шуударчихаж. Уг төслийг IPO хийж эдийн засгийн үр өгөөжтэй болгоно хэмээсэн ч хаана ямар зарчмаар, ямар үнэлгээгээр гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой бус. Мөн монголчуудын эзэмшиж буй 1072 хувьцаа буюу ард түмний эзэмшилд байгаа 14 хувь байрнаасаа хөдөлнө гэсэн итгэл алга болов.

Нэг намын үнэмлэхүй олонхи бүрдсэн Засгийн газар, төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцаж байсан нам төрд гарч суучихаад Тавантолгойг гадаадын хөрөнгийн бирж дээр худалдаалж, тэндээс мөнгө олж, тэр мөнгөөрөө төмөр замыг гацаанаас гаргаж, бүр 5800 ажлын байр бий болгоно гэсэн үлгэрт итгэх хүн “МАНгарууд” өөрсдөө л байна. Харин 14 хувийг нь эзэмшиж байгаа иргэдээсээ тэд сайн, муу, сайхан муухайг ч асуусангүй. Асуухгүй нь ч тодорхой. Төрийн танхимд хамт сууж байгаа нэг намаа хүртэл хулхидаж чадаж байгаа “хулгайч” нар ард түмнээс санал асууна гэдэг лөөлөө. Эцэст нь хэлэхэд, Л.Болд гишүүний хэлсэнчлэн зуун жилээр үнэлэгдэх ордоо тэд лангууны цонхоор зарах шийдвэр гаргав. ТҮЦ-ээр ширхэглэх орд газрын мөнгөнөөс төрөөр нэр барьсан МАН-ынхан баяжина уу гэхээс ард түмэн ашиг хүртэх боломж бололцоо яагаад ч харагдахгүй юм.