Одоогоос зуу гаруй хоногийн өмнө “Цагаансуварга, Хармагтай гэсэн үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, алт олборлолтыг нэмэгдүүлнэ. Мөн уул уурхайн тусгай зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй болгоно. Хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно” хэмээн чуулганы танхимд Уул уурхай, хүнд үйлдвэрийн шинэхэн сайд Г.Ёндон амлаж байлаа.
Мэргэжлийн хүний үг сайхан сонсогдож, итгэл төрж байснаа ч нуухгүй. “Номыг нь үзэж, ногоотой шөл”-ийг нь уусан хүн салбараа хэрхэн удирддаг вэ гэдгийг харуулах нь гэж битүүхэндээ найдаж байсан хүн олон бий. Гэвч амнаас цаашгүй гэдгээ батлан харуулав. Шинэ Засгийн газрын билэгдлийн чанартай, орон тоо бөглөсөн сайд нарын тоонд тэрбээр ямар ч өрсөлдөгчгүйгээр орсон байх юм. Тэр ч бүү хэл, ажлаа аваад Багануурын уурхайтай очиж танилцсан гэх мэдээллээс өөр хийсэн ажил юу ч алга. Харин эсрэгээрээ хүлээж авсан салбар “сэхээний” тасаг руу шилжлээ.
Уул уурхайн салбар нь элгээрээ мөлхөж, “сэхээний” тасагт хэвтэж байхад, Сангийн сайд нь “Монгол Улс уул уурхайгаас маш их мөнгө олж, төсвийн алдагдлаа нөхнө. 2021 онд 40 гаруй сая тонн нүүрс экспортолно” гээд данхалзаж сууна. Салбараа унагаж байгаа хэдэн сайддаа хариуцлага тооцож, анхааралдаа аваач, Ерөнхий сайд аа. Юун үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, алт олборлолтыг нэмэгдүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх вэ, Г.Ёндон сайд аа. Тэр цаг чинь хэзээ вэ.
...Уул уурхайн салбар нь элгээрээ мөлхөж, “сэхээний” тасагт хэвтэж байхад, Сангийн сайд нь “Монгол Улс уул уурхайгаас маш их мөнгө олж, төсвийн алдагдлаа нөхнө. 2021 онд 40 гаруй сая тонн нүүрс экспортолно” гээд данхалзаж сууна...
Өнөөдөр Монгол Улс цар тахалтай тэмцээд арван нэгэн сартайгаа золгох гэж байна. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр эдийн засаг тааруухан үзүүлэлттэй байна. Энэ үед уул уурхайн салбар нэгдсэн нэг бодлогоор зүтгэж байж, бид хүндрэлийг туулах учиртай. Гэтэл эсрэгээрээ уул уурхайн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бүү хэл, мэргэжлийн байгууллагаа “шулж” хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд сууж байх юм. Тэрбээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас хүүхдүүдийнээ сургалтын төлбөрийг төлсөн баримт нь өнгөрөгч долоо хоногт ил болов. Тухайлбал, “Гётё” бүрэн дунд сургуулийн данс руу Ё.Амира, Ё.Арвис нарын сургалтын төлбөр болох 5.3 сая ам.доллар буюу 10 сая 700 мянган төгрөгийг шилжүүлжээ. Г.Ёндон сайд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй бол яах гэж хувийн сургуульд өгдөг юм бэ. Улсын сургуульдаа яваад байж болно. Цаашилбал, улсын данс ухаж, улаан нүүрээ улалзуулах шаардлагагүй. Татвар төлөгчийн мөнгөөр амь зууж болохгүй биз дээ.
Түүнчлэн 460 гаруй сая төгрөг бүхий орон сууцтай, 240 гаруй төгрөгийн орлоготой сайд улсаа тонож болох уу. Жилийн орлого тань хэд хүрсэн цагт хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөө төлж, эцэг хүний үүргээ биелүүлэх вэ. Хэзээ улсын данс ухахаа болих вэ. Өөрөө ч яахав улсаа тоноод болдог байж, үр хүүхдэд нь ямар байх вэ. Сургуульдаа, анги хамт олондоо сайн нэр зүүхгүй нь лавтай. Цаашид гарах үр дагавар нь үргэлжид сөрөг байх юм. Үүнийг бодож үзсэн үү. Хувийн амьдралаа зохицуулж, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй “ёроол”-гүй савд чухал салбараа хариуцуулсан нь даанч хайран санагдаж байна.
ХОМ: Г.Ёндон 460 сая төгрөг бүхий орон сууцтай, 240 төгрөгийн орлоготой
Түүний орлого 2018 онд 152 сая орчим төгрөг байсан бол 2019 онд 204 сая болж өссөн байна. Мөн өнгөрсөн жилийн гэр бүлийн нийт орлого 40.3 сая төгрөг байсан бол 460 сая төгрөгийн үнэлэмж бүхий орон сууц, барилга байгууламжтай хэмээн ХОМ-дээ тусгасан байх юм.