ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдоржийн “захиалгатай” улс төрийн 14 хоригдол

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-07

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 14 хоригдлыг улс төрийн хоригдол хэмээн тодорхойлж, тэдэнд өршөөл үзүүлэхийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсчээ. Гэхдээ албан ёсоор биш. Өөрийн твиттер хуудсандаа энэ тухай жиргэсэн бөгөөд “Улс төрийн хоригдол 14 хүндуучлалүзүүл. ҮндсэнхуулиарзөвхөнЕрөнхийлөгчидолгосонбүрэнэрх юм. Элдэвжурам, тайлбарааршалтаглаххэрэггүй. Төрийнтэргүүнийуучлалаасилүүхүчтэйэрхзүйгэжбайхгүй. Хэлмэгдсэн, алдажэндсэнбусдыгнь 100 жилийнөршөөлд УИХ хамруулаг" гэжжиргэжээ. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн захиалгатай эдгээр 14 хүн хэн байж болох, хэдэн жилийн ял авсныг энд онцлоё.

Яг энэ цагт төрийн өндөр албан тушаал хашиж байгаад цагдан хоригдсон улс төрийн гэх тодотголтой хоригдлуудын тухайд гурван сэдвээр ял сонссон байдаг. Нэгдүгээрт, Оюутолгойн ил болон Далд уурхайн гэрээ. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь. Гуравдугаарт, уул уурхайн тендертэй холбоотой асуудал байгаа. Мөн авлига, албан тушаалын хэргээр цөөнгүй хүн ял эдэлж байна.

Тухайлбал, Оюутолгойн гэрээнд Монголын эрх ашгийг тусгаагүй гэх зүйл ангиар Ерөнхий сайд асан С.Баяр, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан,  Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар. Тэгвэл өчигдөр эхэлсэн Давж заалдах шатны шүүхээс С.Баярын хэргийг тусгаарлах шийдвэр гаргав. Харин С.Баярцогтод өгсөн 10 жилийн ялыг 4.8 болгон бууруулсан бол Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын ялыг 1.8 болгожээ. Ингэснээр өршөөлд хамрагдах алхам руу үе шаттай урагшилж, С.Баяр харин хэргээ тусгаарлуулсан ч мөн л 2 жил гаруйн хугацаанд хорих ял эдлэхээр ял сонсчээ.

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авах шийдвэрийг Засгийн газарт танилцуулсан гэх үндэслэлээр ял сонссон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд С.Болор нар ч улс төрийн хоригдол болоод байгаа. Тэд Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг танилцуулсан, тэрхүү тогтоолыг нь боловсруулж гарын үсэг зурсан гэдгээрээ л буруутан болсон. Шүүхээс Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 4.6 жилийн хорих ял оноосон. Харин Сангийн сайд Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хасаж, 3.6 жилийн хорих ял оноосон юм.

Тэдний давж заалдах шатны шүүх хурлын тов хараагүй байгаа юм. Харин улс төр дэх эрх мэдлээ ашиглан, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргээр ял эдэлж буй МАН-ын хоёр улстөрч болох Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрт ногдуулсан зургаан жилийн ялыг эсэргүүцэн давж заалдсан ч Давж заалдах шатны шүүхээс түүнд ногдуулсан нийтийн албанд томилогдох эрх болон зургаан жил хорих ялыг нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэгчээр намын даргынхаа эсрэг тулалдаж байгаад ял сонссон хүн бол Б.Номтойбаяр. Түүнийг ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын мөнгө завшсан гэх хэргээр 5.5 жилийн ял сонссон бөгөөд Давж заалдсан ч түүний ялыг хэвээр үлдээсэн.

 

...Тэд Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг танилцуулсан, тэрхүү тогтоолыг нь боловсруулж гарын үсэг зурсан гэдгээрээ л буруутан болсон. Шүүхээс Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 4.6 жилийн хорих ял оноосон...

 

Эдгээр хоёр улстөрчийн тухайд одоо Дээд шүүхэд л хандах боломж үлдээд байгаа билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “хаанчлал”-ын үед хонгилынх нь шүүгчээр ажиллаж байсан мөн тагнуулын байгууллагыг нь удирдаж байсан хүмүүс мэдээж, энэ 14 хүний нэгээр нэрлэгдэх нь тодорхой. Тодруулбал, шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын прокурорын Ерөнхий газрын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарын долоон хүний хэргийг өнгөрөгч аравдугаар сард Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Г.Эрдэнэбат, Б.Хурц нар арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гарч чадсан юм. Мөн ЖДҮХС-гаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан мөнгө авсан Г.Солтан, Д.Дамба-Очир, Петровис” группын ТУЗ-ийн дарга Ч.Даваанямыг оролцуулан тоолбол Ц.Элбэгдоржийн захиалгатай 14 хоригдол хэн байх вэ гэдэг нь тодорхой харагдах биз ээ. Эдгээр хоригдлуудын ихэнх нь ялаа бууруулж, мөн батлан даалтад гарч байна. Тэр тусмаа Ц.Элбэгдоржтой ойр нөхөрлөсөн, шадарлаж явсан улстөрчдийн давж заалдах шатны шүүх хурал болон бусад шийдвэр тун хурдан хугацаанд гарч, ял нь багасч буйг ажиглавал Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гар барж, хадаг яндартай намдаа эргэж ирсний шалтгаан тодорч байх ажээ. Хэрвээ Төрийн тэргүүн Ардын хувьсгалын түүхт ой хэмээж, 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль баталж гэмээнэ эртнээс захиалгатай эдгээр хоригдлууд бүгд энгийн иргэн болох нь цаг хугацааны асуудал болж байна. Гэтэл Засгийн газрын тэргүүнийхээ шийдвэрийг танилцуулсан Д.Эрдэнэбат, Б.Болор нарын тухайд Давж заалдах шатны шүүх хурлын товоо ч сонсоогүй сууж байгаа нь хэр шударга явдал вэ.