ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын хоёрдугаар ээлжийнхний хүсэл биелэхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-08

УИХ-ын 2020 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан  МАН бүхий л эрх мэдлийг өөрийн шадарлагч нартаа  харамгүй хүртээж, багаа бүрдүүлсэн билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баг бүрдээд, хэрхэн ажиллаж чаддаг вэ гэдгээ харуулах хангалттай хугацаа өнгөрөөгүй ч  сайд нарынх  нь хэн нь бэ гэдэг нь олон нийтэд ил болсоор байгаа. Тэдний багт сайн нь бас  саар нь ч  бий.  Гэхдээ энэ нь бусдын өгөөш эсвэл албан тушаалын горьдлого тээсэн хүмүүсийн хүслийг биелүүлнэ гэсэн үг биш. Тэр дундаа Монгол Улсад коронавирус дотоодод албан ёсоор бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм  тогтоосныг далимдуулж, МАН дотор хоёрдугаар ээлж хоолондоо орох цаг болсон хэмээн хэдэн нөхөд дарцаг барьж, гүйлдэж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, “чоно борооноор гэдэг” шиг хүмүүсийн анхаарал болгоомж сул, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хязгаарлагдмал нөхцөл байдалд  ажиллаж байгааг далимдуулан гитэж байгаа бололтой.

Хоёрдугаар ээлжийнхэн  УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь огцруулах замаар өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхээр хүслийн жагсаалт гаргасан гэх. Тэдний дунд ЗТХ-ийн дэд сайд асан “шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл хүртэл багтсан байх юм. Түүнийг  ЗТХ-ийн  дэд сайдаар ажиллаж байхад тус яаманд албан тушаал, эрх мэдлээс болж, сайхан залуу амиа алдаж байсныг олон нийт мартаагүй. Нэг нь шороонд, нөгөө шоронд орж, салбар хариуцсан сайд  нар нь хариуцлага хүлээж, албан тушаалаа өгөөд дуусгавар болж байсан түүхтэй. Цаашилбал, түүний  1000 вагоны асуудал хүртэл сөхөгдөж таарна. Тэгэхээр   Б.Цогтгэрэл шиг шантаажлагч  албан тушаалд хүрдэг болоо юу. МАН-ын боловсон хүчин тэгтлээ доройтоо юу.

Түүнчлэн Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хотын даргыг сольсон ч, огцруулсан ч дараагийн хүмүүс бүгдийг шинээр эхэлж таарна.  Тэдний хүсэлд тухайн салбар, Монгол Улс, гурван сая гаруй хүнтэйгээ хамт  цээжинд нь багтлаа ч коронавирусын халдвар тархах хурдыг лав гүйцэхгүй.  Хоёрдугаар ээлж, хүслээ биелүүлэхийн тулд дээр нэрлэсэн сайд нарын талаар олон нийтийн сүлжээнд элдэв худал мэдээлэл тараах,  троллууд  ажиллуулах, ямар ч шийдвэр гаргасан түүнийг нь эсэргүүцэх зэргээр хандаж байлаа. Өөрөөр хэлбэл, төрийнхөө шийдвэрийг үгүйсгэж, түмэн олныг талцуулж, эрх мэдэлд хүрэх замаа засч байсан бололтой. Тэд өөрсдийгөө тодруулахын тулд өрөөлийг гоочилж, элдэвээр хэлж тодорч байна. Тэд бүхий л аргаа хэрэглэж байна.

Тэдний хүсэл, зорилго тийм амархан биелэхгүй. Энэ цаг үед албан тушаалаас илүү Монгол Улсын эрх ашиг, иргэдийн амь нас, эрүүл мэнд тэргүүн эгнээнд гэдгийг Ерөнхий сайд хэнээс ч илүү мэдэж байгаа байх.  Түүнчлэн бидэнд эв нэгдэл, төрөөс гарч байгаа шийдвэрийг биелүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь илүү чухал болоод буй.

Бид төдийгүй дэлхий нийтээрээ коронавирус гэх ганцхан дайсантай тэмцэж байна.  Харин түүнтэй яаж тэмцэх, иргэдээ яаж хамгаалах, аж ахуйн нэгж, албан байгууллагыг яаж  санхүүгийн хямралаас хэрхэн хамгаалах, хорио цээрийн дэглэмээ хэрхэн сахих зэрэг нь өнөөгийн Монгол Улс бодлого болоод буй. Түүнээс Л.Халтарыг “шилэн” Цогоогоор солиод коронавирусын халдвар тархахаа больчихгүй. Дарханы зам өөрөө баригдчихгүй. Осол аваар буурчихгүй.

Тиймээс  сул орон зай хайж, хар шөнөөр гитэж, албан тушаал горьдож байгаа хүмүүс улсаа сүйрүүлнэ үү гэхээс лав аврахгүй.  Тэгэхээр МАН-д хүслийн жагсаалт гаргаж, даргаа сөрж суугаа горилогчдийн хүсэл хоёр шөнө, хоёр өдрийн настай байхаас хэтрэхгүй нь лавтай. Нөгөөтэйгүүр, улс орны ийм хүнд цаг үед төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархах ч гэсэн хуулиар хариуцлага хүлээх үүрэгтэйг санахад илүүдэхгүй биз.