ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгох ажлын хэсгийг С.Бямбацогт ахална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-31

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах  “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаанаар хэлэлцэж,  ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томиллоо.

Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн хүсэлтийг энэ сарын 15-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • Сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
  • Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байх юм.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна.

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • Сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Шүүгчээр ажиллаж байгаагүй;
  • Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;
  • Шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;
  • Өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;
  • Прокуророор ажиллахгүй байгаа;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.