ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүх амьтан тэгш эрхтэй, МАН арай илүү ТЭГШ эрхтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-03

Сүүлийн үед МАН-ын тэгш эрхийн хязгаарлалт илүү хүрээгээ тэлж, улам бүр өргөжсөөр. Харин бусдын тэгш эрх хязгаарлагдаж, улам бүр агшсаар байна. Газар, тэнгэр мэт хязгааргүйнхоёр туйлд хүрчихлээ. Хатуу ч гэлээ сонголтгүй социализмын бодлого руу аажим, аажмаар орж, төрөөс хамааралтай бодлоготой болж, тэгш эрхийн тухай ойлголт улам бүр алсарч  байна. Цар тахал хэмээх айдас дундуур туучих зуур, эрх чөлөөгөө алдан амьд явах ёстой язгуур эрх минь бусдын улан дор гишгэгдэж байх ажээ. Угтаа корона биш түүнийг дагасан дарангуйлал, бизнес, улстөржилт биднийг туйлдуулж байх юм. Ийм байдлыг цар тахалтай тэмцэж байгаа гэх жил гаруйн хугацаа харуулаад өглөө. Халдвар тархах магадлалтай, хамгийн их бөөгнөрөл нь нийслэлдээ байгаа.

Өнгөрсөн хугацаанд төрөөс гаргасан бүх шийдвэрийг нийтээрээ хэл үггүй дагаж мөрдлөө. Үүнийг зөрчсөн газар гэж бараг байгаагүй. Бид халдварын төлөө нийтээрээ тэмцэх ёстой, төрийнхөө шийдвэрийг биелүүлэх ёстой гэж нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн билээ. Гадны олон улс шиг цөөн хэдэн хүнээ цар тахлаар алдчихгүй гэсэн итгэлээр тэвчихийн дээдээр тэвчиж, тэсэхийн дээдээр тэссэн байдаг. Гэтэл эрх баригч намцар тахлаар далимдуулсан дарангуйллын бодлогыг өдөр бүр хэрэгжүүлж, эрх чөлөөний хэмжүүр нь амьд явах эрхтэйгээ хамт уруудав. Хөл хорионы үед маш олон хүн өндрөөс үсэрч амиа хорлов.

Тэд харин энэ өдрүүдэд намынхаа 100 жилдээ зориулж, олон үйл ажиллагааг зохион байгуулав. Тэгэхдээ цар тахалтай тэмцэж байгаа хүнд өдрүүдээ мартаж, амны хаалтгүй шоу хийж наргилаа. Бүхэл бүтэн баримтад нэвтрүүлэг цацлаа. Мэдээж энэ нь өдрийн ажил биш. Шоу ч хийв, шоунаас гарсан өвчнөө ч нам дарж нууцлав. Захиалгатай жагсаалаар Сүхбаатарын талбайг дүүргэж, цар тахлыг Улаанбаатар хотод, цаашлаад орон нутагт тархах эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлэв. Тэгсэн атлаа ардчиллын хэдэн ахмадууд цөөхүүлээ жагсахад л аль нэгнээс нь өвчин гаргаж чадлаа, тэд. Амиа алдсан хүүг өмгөөлж зогссон хүүг ачаад авчихаж чадаж байна, тэд. Ардын намын сайдын хамгаалалттай хүнийг тусгай хамгаалалттай зургаа хоног өлсгөж чадлаа. Юунд ирснээ мэдэхгүй 100, 100 хүүхдүүд жагсахад хэнийг нь ч тэд тараасангүй, хэнээс нь ч өвчин илэрсэнгүй. МАН-ын гишүүн Ц.Шаравжамц нь цар тахлын дэглэм зөрчин таван аймгаар шоудаж, үр дүнд нь таван аймаг өвчний голомт болов.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд дампуурсан олон аж ахуйн нэгж, өдөр хоногийг арайхийжтуулж яваа иргэд, амьд үлдэх гэж чардайж яваа хувийн хэвшлүүдийн зүтгэлийг ганцхан 100 жилийн баяраар, ганц улс төрийн жагсаалаараа үнэгүйдүүлж чаджээ. Бүтэн жил хайртай бүхэнтэйгээ уулзаж чадахгүй хагацал үзсэн хүмүүсийн хагацал уйтгар гунигийг УОК-ын даргынх нь эхнэр уландаа гишгэж чадлаа. Бүх амьтан тэгш эрхтэй ч МАН-ынхан илүү тэгш эрхтэйг эндээс бид ойлголоо. Онцгой нөхцөлд ажиллах ёстой үүрэг авсан УОК  нь шинэ жил тэмдэглэж, хөл хөөрцөг болж, нэгнээ шагнаж, урамшуулсан ч мөн загнаад дуугүй болгосон.Харин жирийн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гэрээсээ ч гарах эрхгүй, гарахыг ч хүсэхгүй хатуу хорио цээрийг тэвчин өнгөрүүлсэн билээ. Тэд баярлаж, хөөрцөглөж байхад иргэд халдвар авчихгүй юмсан, нэгэндээ халдаачихгүй юмсан гэж хичээж байв. Хүүхдүүд хүртэл эрх нь хязгаарлагдаж, хөл хоригдсон ч эсэргүүцэх тэнхэлгүй хүлцэж байхад МАН харин ойгоо тэмдэглэн цэцэг өргөж, олноороо маскгүй тэврэлдэж, бүр улс төрийн сонгууль угтсан жагсаал хийж доромжлов.

МАН-ынхан төрийн эрх барьж байгаа нэрийдлээр юу хүссэнээ биелүүлж, цар тахлыг далимдуулж, нийтийн эрх чөлөөг улам хязгаарлаж, жирийн иргэдээ дэвсэлж байна. Тэд дүрэм, журмаа нүд ирмэхийн зуурт өөрчилж чаддаг юм байна. Бүтэн 21 хоног зочид буудалд, гэртээ гараад 14  хоригдсон иргэдийн сэтгэл санаа, санхүүгийн асуудлыг үл тоож, Шадар сайдынхаа буруутай үйлдлийг хаацайлахын тулд гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног л тусгаарлана гэж мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд үртэйгээ ч уулзаж чадахгүй 21 хоног хоригдсон иргэдийн сэтгэл санаа, эд хөрөнгө, санхүүгийн хохирлыг тэгвэл хэн барагдуулах вэ.

Даргын эхнэр ч бус өвчтэй зовлонтой нэгнээ сахих бол “улаан бүс рүү” чөлөөтэй  нэвтэрч болдог болсон гэдгийг өчигдөр л дөнгөж улс даяараа Шадар сайдынхаа амнаас сонсож байх жишээтэй. Гэтэл ардын хүүхэд хоногоо хүлээсэн ээждээ үнсүүлж чадалгүй, нэг насны гомдолтойгоо хорвоог туучиж байна. Алагхан үрээ тэвэрч чадахгүй хорвоогоос буцсан тэр ээжээс та нар уучлалт гуй. Ам нь цангасан ч ээжийнхээ гараас аяга ундаа ууж чадаагүй тэр охины сүнс та нарт хэчнээн их гомдоо бол. Товчоогоор нэвтэрч, эмнэлгийн тусламж авч чадахгүй иргэн нь амиа алдахад энэ журам хаана явсан юм бэ, С.Энхболд оо, Т.Баттөр өө. Хоёрхон хоногийн өмнө Төрийн албан хаагчийн эмнэлэгт салаан даргадаа эрэмдэг болтол зодуулсан хүүтэй ч цар тахал, “улаан бүс” нэрийдлээр эцэг, эхийг нь уулзуулалгүй буцаасан байна билээ. Дараа өдөр нь харин хүүгийнх нь хүйтэн цогцсыг, таван жилийн цалинтай дүйх урамшууллын хамт илгээнэ гэж тавлаж суудаг төртэй юм, бид. Корона гарсан ийм цаг үед бид бүгд төрийн шийдвэрээ биелүүлж байна. Бүх амьтдын адил тэгш эрхтэй байх гэж хичээж байна. Харин гахай /МАН/-ынхан илүү тэгш эрх эдлээд байвал тэсрэх өдөр бас ирдэг юм шүү.