ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэнтийд эмэгтэйчүүд л хүч үзвэл ялах магадлалтай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх аравдугаар сард нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. Улс төрийн намууд Хэнтий аймагт хэн хэнийг сойж, УИХ-д суудалтай болох вэ гэдгээ тун удахгүй шийдвэрлэнэ. МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших хэд хэдэн хүний нэр тодорсон ч УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Түүнд зөвхөн Засгийн газраа сайтар удирдаж, Ерөнхий сайдын үүргээ сайн биелүүлэх нь чухал хэмээн үзсэн. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба мөн л нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр дараагийн хувилбар хэн байх вэ гэдэг таамаг олны дунд яригдсаар үлдлээ. Мэдээж хэрэг ялалт байгуулах, нөлөө бүхий хүнийг нэр дэвшүүлэх  байх гэсэн хүлээлттэй байна. 

Учир нь өмнө нь нэр дэвшиж, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхисон. Тиймээс МАН-аас эмэгтэй хүн нэр дэвшүүлэх магадлал тун өндөр байгаа юм. Харин АН-аас хэд хэдэн хүний нэр дуулдаж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, АСА аварга Д.Дагвадорж, М.Хүдэрбаатар гэх зэрэг хүмүүсийн нэрс тодроод байгаа юм. Гэхдээ АН-ын хувьд ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшүүлэх нь илүү зохимжтой  байж мэднэ. Учир нь гэрбүл, хүүхэд, эмэгтэйчүүд, жендерийн асуудалд эмэгтэй гишүүдийн орон зай үгүйлэгдэж байгааг хэлж буй.  Хэдийгээр энэ удаагийн сонгуульд арав гаруй эмэгтэй гишүүн сонгогдсон хэдий ч дээр дурьдсан асуудалд бүсгүйчүүдийн орон зай, байр суурь, хуулийн төсөл санаачлах гэх мэт  багагүй ажил дутагдаж байгаа нь үнэн. 

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаар үнэн, худлыг тогтоолгохоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тиймээс аль ч намд,тэр дундаа АН-д эмэгтэй хүн нэр дэвшүүлбэл ялах магадлал тун өндөр гэдгийг зарим улстөрчид хэлж байгаа юм. МАХН-аас Н.Энхбаяр болон С.Ганбаатарын нэр тодроод буй. Н.Энхбаярын хувьд  улс төрд очоогүй албан тушаал, хүрээгүй суудал үгүй.

Түүний хувьд нэр дэвшлээ гэхэд энэ тойрогт өрсөлдөгч тун ховор. Харин С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, муугүй үзүүлэлттэй гарсан. Тэр дундаа Дархан болоод  орон нутагт нэр хүнд сайтай. Гэхдээ 42 дугаар тойргийн хувьд охид, эмэгтэйчүүд болон жендерийн асуудал хурцаар тавигдах тул эмэгтэйчүүдийн эсрэг эрчүүд зогсч, ялалт байгуулах магадлал тун ховор. Тэгэхээр аль ч намаас эмэгтэй хүн нэр дэвшүүлээд, хэн нь ялалт байгуулахыг хараад суух нь зөв байж мэдэх юм.