ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гомдогсод өшөөгөө авч магадгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-18

УИХ-ын хаврын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой боллоо. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс 25 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус чуулган зарлуулах хүсэлтээ энэ  сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн юм. УИХ-ын дарга хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу өгөх хуулийн заалттай байдаг.

 Тухайлбал, УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал эсвэл эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн заалт  байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ээлжит бус зарлан хуралдуулах тухай албан бичгийг өчигдөр УИХ-ын даргад илгээлээ. Олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл их байна. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг УИХ-д уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилохыг сануулсан юм.

Тиймээс ээлжит бус чуулган хуралдах нь нэгэнт тодорхой болов. Чухам хэзээ вэ гэдгийг УИХ-ын дарга шийдвэрлэнэ. Зарим гишүүдийн зүгээс ээлжит бус чуулганаар алдарт 60 тэрбумын хэрэг, Эрдэнэтийн 51 хувийн асуудал, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэж боловч МАН-ын 32, 32 бүлгээс тэр дундаа гомдогсодын арми гэгдэх Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр тэргүүтэй нөхдүүд Засгийн газрыг огцруулах өргөх бичгийн барьж магадгүй гэсэн таамаг бий.

 Учир нь тэд наадмаас өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах  бичгээ өргөн барих сураг гарсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байдаг. Тиймээс ээлжит бус чуулганаар далимдуулж, гомдогсодын армийнхан хүслээ гүйцэлдүүлж, өшөөгөө авч  магадгүй.