ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

SHAME: Хиам, огурцы, залбиралтай ардчилал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-18

Ардчилсан намын даргаар Н.Алтанхуяг ажиллаж, УИХ дахь АН-ын бүлгийг Д.Эрдэнэбат удирдаж байх тэр цаг үед магадгүй 30 гаруй жилийн түүхтэй АН-ын хамгийн оргил, сэргэн мандалтын үе нь байсан болов уу. Түүнээс өмнө хийгээд хойшхи цаг үед ч АН-ынхан сэргэн мандаж чадахгүй явсаар 31 насыг зооглов. Харамсалтай нь идэр залуухан ардчилал өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж, тамганы зодоонтой, тугны маргаантай хоёр жилийг үдлээ. УИХ-д цөөхүүлээ ч гэлээ сөрөг хүчний дуу хоолой цаг ямагт тодоос тод байх ёстойг харуулж байсан Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг нарын дуу хоолой энэ намд үгүйлэгдсээр байгааг та бид харж байна.

“Бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй” эдгээр 13 хүнээс илүү парламентын танхимд Ж.Батзандан попоороо дуудуулсан ч илүү тод дуу хоолойгоо гаргадаг байжээ. АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат ажиллаж байхад есүүлээ атлаа л тэд хүчтэй сөрөг хүчин байж чадсан юм. УИХ-ын даргын өмнө уриа лоозонтой зогсож байсан Л.Гүндалай шиг ардчилагч үгүйлэгдсээр л. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд орж суучихаад ямар ч хуулийн төслийн эсрэг үндэслэл, ултай суурьтай тайлбар өгсөөр эрх баригчдыг нокаутад оруулдаг байсан Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин шиг эр зоригтой байдал АН-ын гишүүдэд дутагдаж байна. Тэд ердөө Төрийн ордон дотор хэн нэг нөлөөтэй улстөрчийн дарцаг болж намирсаар бүрэн эрхийн хугацаагаа барж буй нь гашуун үнэн билээ. Үүнийгээ ч тэд бүлгийн даргаа дундаа оруулчихсан хоёр талд туг барьсан зургаараа харуулав. Нэг нь С.Эрдэний гал хамгаалагчид, нөгөө хэсэг нь харин Х.Баттулгын хүмүүс гэдгээ инээж зогсоод харууллаа.

Тухайлбал, өчигдөрхөн Монголын төрийн баталсан хууль тогтоомж, Монголын мянга мянган бизнес эрхлэгчдийн хоёр жилийн хөл хориог дагасан шийдвэр, мянга, мянган эмч цагдаа нарын хоёр жилийн хөдөлмөрийг нэг хүүхэн л уландаа гишгэж орхив.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн дарга Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй “Дижитал үндэстэн” гэх арга хэмжээг НОК-ын эсэргүүцлийг үл тоон зохион байгуулж, парк дотор монголчуудыг хэдэн зуугаар нь цуглуулав. Зөрөөд өнгөрөх төдийд халдварлах чадвартай дельта хувилбар нийт халдварын 60-70 хувьд бүртгэгдэж байгааг Эрүүл мэндийн яам нь ярьсаар байхад нэг хурган дарга тэр бүхнийг үл тоон шоу хийж, баярын салют буудууллаа. Ковид цар тахлын улмаас 1010 хүнээ тэнгэрт үдсэн ар гэрийнхний гашуудлын нулимс хатаж амжаагүй байхад тэд элгэн дээр нь цөмлөн баяр наадам хийж цэнгэлээ.

Үүнд шууд болон шууд бус утгаар оролцсон Засгийн газрын тэргүүн ч нэг юм бодсон гэж найдъя. Аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын гэрээ гэгчээр айлган сүрдүүлж, хааж хорьдог атлаа хурган даргын дураар дургисан үйлдэлд хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байгаа Мэргэжлийн хяналтынхны арчаагүй занд ч ард түмэн бухимдлаа. УИХ-ын дарга нь номын баяр зохион байгуулж, ХХААХҮ-ийн сайд нь ургацын баяр хийж, хэдэн арван асар майхан барьчихаад улс төр хийж байна, тэд. Угтаа ийм л цаг үед сөрөг хүчний дуу хоолой тодоос тод, цээлээс цээлхэн дуугарч байх учиртайсан. Гэтэл НИТХ-д төлөөлөгчөөр ажилладаг Ж.Энхбат гэж залуу л ганцаараа сөрөг хүчний дуу хоолой ямар байх ёстойг харуулан гудамжинд гарч, ганцаараа шүүмжлэв. Харин тэднийг залж чиглүүлж, эрх баригчдын дураад дургисан үйлдлийг хазаарлах учиртай ах нар нь хоёр талаасаа туг барьчихсан зургаа “Бид эвлэрч байна” хэмээн ид бах болгон цацаж, хиам огурцы дээр найрлаж суух нь шившигтэй.

Тэртээх 1990 онд цементэн шалан дээр ардчилал, хүний эрх чөлөөний төлөө тэмцэж явсан жинхэнэ ардчилагчид нь тэднийг харсан бол хэчнээн гутрах байсан бол. Өдгөө амьд сэрүүн ч “ардчиллын партизан” гэдэг нэрнээс цаашгүй олон хүн гутарч гуниглан уйлж суугаа байх. Төрөх эмнэлгийн шалан дээр хэвтэх нь холгүй ковидоор хүндэрч буй эхчүүд, сурах эрхээ хасуулж буй нялх үрсийн төлөө дуугарч, тэмцэж байх ёстой АН-ын лидер гэх эмэгтэйчүүд нь тулганы гал тойрч зогсоод намынхаа эв нэгдлийн төлөө залбирч зогсох дүр зураг хэчнээн эмгэнэлтэй байсан гээч. Арай ч ингэтлээ доройтож яваагүй юм ардчилал. Нэг хүнтэй байхдаа ч цээлхэн байсан ардчиллын дуу хоолой эрх баригч намын Ерөнхийлөгчид хадаг сүү барьж ортлоо доройтож, цахиртах юм гэж хэн мэдлээ. Төрийн ордны гадна мянга, мянган хүний эрх ашиг зөрчигдөж, монголчууд нэг намд дээрэлхүүлж, доромжлуулж байхад хиам, огурцы дээр найрлаж суух ардчилалтай байх юм гэж хэн санахав. Гунигтай мэдрэмж байлаа. Гутарч байгаа биз ардчиллын мянга, мянган гишүүд нь. Ардчилал амь тасрахгүй энэ хүртэл явсансан. Харин энэ цагт ирээд нүд анив, бололтой. Гүн эмгэнэл илэрхийлье.