ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-16

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооны Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “УИХ-ын дарга Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь энэ аравдугаар сард УИХ-ын чуулганд суусан гишүүдийн ирцийн мэдээг олон нийтэд хуулийн дагуу мэдээл гэсэн үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Намрын ээлжит хуралдааны ирцийн мэдээг хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ. Миний хувьд байнгын хорооны даргын хувиар УИХ-ын гишүүдэд Төрийн албаны тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор гурван удаа мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн шинээр сонгогдсон хоёр гишүүнд ч мэдээлэл өгсөн” гэлээ.

Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсанаас УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорч, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд, Сү.Батболд нар хоёр удаа тасалжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, Ш.Раднаасэд Ц.Мөнх-Оргил,  Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл тус тус нэг удаа тасалсан гэдгийг Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Тэрбээр, “Би УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож ажиллахдаа 2008 оноос УИХ-ын гишүүдийн ёсзүй, ялангуяа хуралдааны ирц, хүний картанд хүрдэг, кноп дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Цаашдаа ч бүрэн эрхийн хугацаандаа ёсзүйг шаардсаар байх болно. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Их хурлын бүрэн эрхийн хугацаанд манай байнгын хороо байгуулагдсанаас хойш сахилга хариуцлага ямар байгааг судалгаагаар гаргасан.

Өөрөөр хэлбэл, өмнөх парламентын чуулганы хуралдаан дунджаар 54 минут хоцорч эхэлж байсан бол энэ удаагийн парламентад хоцролтын хэмжээ дунджаар 7 минут болсон. Цаашдаа нэг ч минут хоцрохгүй эхэлдэг болох ёстой. Өнөөдөр иргэд цар тахлаа яриач, ирц ямар хамаатай юм гэж бодож байгаа байх. Гэвч асуудал жижгээс эхлэх ёстой. Сахилга хариуцлагатай байж авлига ашиг сонирхол, төрийн албыг төрлийн алба болгодог зөрчил арилна. Гэмт хэрэгт холбогдож буй асуудал арилна. Цөөн хэдэн гишүүний ёс зүйгүй хариуцлагагүй байдлын улмаас бүх гишүүдийн нэр хүнд унаж байна” гэлээ.

Б.Бат-Эрдэнэ гишүүний тухайд УИХ-ын даргын 45 дугаар захирамжаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд энэхүү дүрэм УИХ-ын гишүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахад нь тусалж аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл,  УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнгын дэд, түр хорооны хуралдааныг  3 ба түүнээс дээш удаа тасалсан бол, хуралдааны цахим ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын гурван өдрийн цагаас дээш гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хариуцлага тооцох заалтыг оруулжээ. Цаашлаад хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтээс уучлалт гуйх зэрэг хатуу заалтууд оруулж өгсөн хэмээлээ.