ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-13

БНСУ-ын Пусан хотод эцэг, эхтэйгээ хамт амьдардаг 13 настай охиныг өнгөрөгч долдугаар сард сургуулийнх нь ахлах ангийн охид зодож, нүцгэлж бичлэг хийгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд цацсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэг явдалтай холбогдуулан эцэг, эх нь яагаад Консулдаа мэдэгдээгүй, Элчин сайдын яам нь болон Консулын алба хаагчид яагаад иргэндээ анхаарал тавиагүй вэ гэдэг асуудал яригдаж эхлээд байна.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хохирогч охины асуудалд шуурхай ажиллаж чадаагүй, иргэнээ үл тоосон, эцэг эх нь Консул нь шийдэж өгөхгүй учраас тэдэнд хандахыг ч хүсээгүй гэх мэт олон шалтгааны улмаас Пусан хотноо суух Консул Ц.Өнөрзаяа болон БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа нарыг эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Хэрвээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ саналыг дэмжиж гэмээнэ тэднийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар оруулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх юм байна.

13 настай охины хэрэг явдлыг анхааралдаа авч, өсвөр насны хүүхдийг гутаан доромжилсон этгээдүүдийн зургийг олон нийтэд цацах ёстой гэсэн монголчуудын саналын үндсэн дээр Хөх ордны албан ёсны вэб сайтад энэхүү өргөдөл байршсан бөгөөд одоогийн байдлаар ямар нэг хариу өгөөгүй байгаа юм.