Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо өчигдөр очжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Хоёр улсын Ерөнхийлөгч Орос, Монголын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудал болон хэтийн төлвийн талаар ярилцаж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа талаар TACC мэдээллээ.
Энэ нь В.Путин, Ухнаагийн Хүрэлсүх нарын У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах анхны уулзалт болж байна. Үүнээс өмнө тэд Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Сочи хотноо Путинтэй хэлэлцээ хийж байжээ.
Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Эх сурвалж: https://tass.ru/politika/13212931