Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт Сангийн сайд асан С.Баярцогттой өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмсэн эрхэм бол Н.Оюундарь.
Тэрбээр УИХ-ын зарим гишүүд найр наадам хэсч, зарим нь иргэдээ сонсох уулзалтыг сум бүрт зохион байгуулж буй энэ үед чимээгүйхэн амарч зугаалахыг хүссэнгүй бололтой. Харин ч тойргоо тойголж, ирэх сонгуульд танхимдаа үлдэх алхмаа хэдийнэ эхлүүлсэн байна.
Тодруулбал, тэрбээр Монголд 12 дахь жилдээ ирж, Сэлэнгэ аймгийн сумдын 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан шатны тусламж үзүүлсэн Германы “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн 26 эмчийн сайн дурын хүмүүнлэгийн ажлыг тойргийн сонгогчдоосоо “Онц” үнэлгээ авах сонгууль угтсан шоундаа ашиглаад амжлаа.
Н.Оюундарь гишүүн “Блю Мон” галерейд хэд хоногийн өмнө сүржин хэвлэлийн бага хурал зарлаж, Германы сайн дурын эмч нарын багтай хамтран ажиллаж, Сэлэнгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг үйлчилгээ үзүүлсэн мэт “шоудав”.
Үнэн хэрэгтээ түүнийг улс төрд сураг ч үгүй байхад Монголын хүн амыг үзлэг, оношлогоонд хамруулж байсан Германы шүдний эмч нар түүнтэй хамтарсан, хамтраагүй 10 гаруй жил хийсэн, хийсээр ирсэн ажлаа үргэлжлүүлэх нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд тэд давхардсан тоогоор 47 аймгийн 60 гаруй мянган иргэдэд шүдний эмчилгээ хийж, манай улсад хагас тэрбум төгрөг зарцуулсан гэх тоон мэдээлэл ч бий.
Гэтэл Сэлэнгийн төрийн түшээ сайн дурын Германы шүдний эмч нарын багтай хамтарч ажилласан мэтээр сонгогчиддоо өөрийгөө сурталчилсан нь 2016 оны сонгуулийн өмнөх “Босоо” С.Ганбаатарыг санагдуулав гэлтэй. С.Ганбаатар ч 2016 оны сонгуулийн өмнө 10 гаруй жилийн турш Монголд сайн дурын үзлэг, шинжилгээ хийж ирсэн Японы шүдний эмч нарыг өөрөө урьж, авчран үзлэг хийлгэсэн мэтээр тойрогтоо сурталчилгаа хийж, “Онигоо” болж байсныг уншигчид санаж буй бизээ. Тухайн үед Японы эмч нарын багийн нэгэн профессор өөрсдөөр нь шоудсан С.Ганбаатарт тун их гомдож, нийгмийн сүлжээнд нийтлэл бичсэн нь нэг хэсэгтээ л дуулиан тарьж байв.
Эцэст нь тэмдэглэхэд, “Босоо” С.Ганбаатар шиг юм болов доо, Н.Оюундарь гишүүнээ.