ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчино

O.Admin
2022-05-04

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.  

Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна. Манай талаас 2010 онд Япон Улс, 2013 онд Канад Улс болон Герман Улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан.  Монгол Улсынхаа иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс солонгосын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа аж.