ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төр ба тэд хувийн хэвшлээ хүчиндсээр байх уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-06

Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй болсон. Миний барьж байгаа байр суурь. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байгаа. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл гэж байхгүй болсон” хэмээн мэдэгдэж, удалгүй Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлээс цэрэг цагдаагийн хүчээр булаан авч, Цагаансуваргын орд руу уулгалан довтолж эздийг нь цагдан хорьж байлаа.

Эл бусармаг үйлдэлд нь УИХ-ын хууль тогтоох дээд байгууллагын дарга нь хүртэл хамрагдчихсан, эгээ л хүчний байгууллагын тэргүүн аятай хуулийхныг дагуулчихсан "сүгсэлзэж" явсныг нуух юун.

Шуудхан хэлбэр дээрэмдэж, ёгтолж хэлбэл хувийн хэвшлээ “хүчинддэг” ийм тогтолцоог алгаа хорстол ташиж өөгшүүлсэн хүмүүс нь яах аргагүй ард түмэн бид. “Муу сайн хятад хулгайч нар авчихаж, төрийн мөнгөөр Оросоос хувийг нь оруулаад ирсэн байна, Цагаансуваргыг Н.Номтойбаяр дээрэмдчихэж. Одоо эднийг хурааж аваад та нартаа мөнгө өгнө өө. Жинхнээсээ баялгийн эзэд болно” гэхэд нь уухайлж байсан хүмүүс нь бид.

Харамсалтай нь тэд бялууны зөвхөн хусам хэсгийг амсуулаад 2020 оны сонгуульдаа эдгээр ордыг ашиглаад, идээд, найрлаад дуусав. Эрдэнэтээр дүүрэн НАМЗХ-ны залуус дүүрчихлээ. Яг л өмнөх шигээ чанаргүй дугуй, чанаргүй бэлгэвчээ ар араас нь шахаж байна, тэд. Харин ард түмэн тог усны мөнгө төлсөн нэрийдлээр жаахан хусам амсуулаад л намжаажээ. Эргээд тог, усныхаа үнийг хоёр дахин нэмээд цацсан мөнгөө гаргаад авчихна гэдгээ ч тооцолгүй яахав.

Цагаансуваргатай тохироо хийгээд чимээгүйхэн өнгөрлөө. Гэлээ ч МАК руу чиглэсэн, дампууруулах гэсэн оролдлогоо төр үргэлжлүүлсээр л. Салхитын мөнгөний орд салхинд хийсээд дууссан байх. Монгол Улсын төрийн дээд шагнал авч байсан тухайн үеийн удирдлагууд нь өдгөө хуулийн хаалга сахих асуудал ч босож ирэв. Хамгийн хоржоонтой, хамгийн харамсалтай нь Хүүк хурандаагийн энэхүү зарчмыг баруун зүүнгүй мөрдөж, системийг нь хэрэгжүүлж байгаа хүн нь түүний Засгийн газрын танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болох нь ээ. Барууны системээр боловсорсон, чөлөөт зах зээл тэр дундаа ардчиллын үнэ цэнийг мэдрэх залуу Ерөнхий сайд арай өөр ажиллах болов уу гэтэл тэр нутгийн ахын захиас, ахын зарчмаар явчихлаа.

Түүнд олон сайн тал бий. Хүний, өөрийн гэж ялгахгүй авлигатай тэмцэж, ширүүн гал өөр дээрээ дуудсан. Авлигачдын халаасыг ухаж, төрийн мөнгөө гаргаж авч байна. Ар араас нь мэдрэмжтэй, мэдлэгтэй күүл шийдвэр ч урсгасаар буй.

Гэлээ гэхдээ энэ амжилтаа үгүйсгэж, хожмоо Монголын ардчилалд халтай, халгаатай Ерөнхий сайд болох вий хэмээн болгоомжлуулах ёстой юм, сэтгүүлч хэвлэн нийтлэгчид ч сануулах ёстой. Тойрон хүрээлж буй хүмүүс нь сануулдаггүй юм гэхэд ард түмэн арай хэтрүүлэн буруу яваад байгааг сануулах ёстой байх. Хэдийгээр өнөөдөр “Монголын Эль Чапо” хэмээн нэрлэчихсэн нэг хүнтэй төр нь тэр чигээрээ тэмцэж, авсныг нь буцаан авч буй мэт боловч системийн хувьд ухралт хийж буйг зориуд сануулъя. Хүнд үйлдвэрийн хэдхэн төслөө нухчин дарж гэмээнэ бид хөгжлийн тухай, шинэ сэргэлтийн талаар яриад ч хэрэггүй. Төрийн өмч л ашигтай, төрд авчихвал бүх зүйл окей гэсэн энэ систем эцэстээ хувийн хэвшлээ нухчин дарж, дээр нь хүчээр "мордож" байгаа хэлбэр юм. Алхам, алхмаар урд, хойд хөршийн хараат байдлаас гарах гэж чардайж буй Монгол Улс эргээд социалист нийгэмдээ алхаж, төртэй өрсөлдсөн хувийн хэвшил рүүгээ буутай цагдаа дагуулж давхиж очоод байвал юу болох билээ. 

Хөтөлийг хэдий хөгийн булааж авсан ч тэнд нь төр нэг популист томилчхоод цементний үнэ буулгалаа, манайхаас л аваарай гэсэн арчаагүй пиар явуулж болох уу. Зах зээлийн зарчмаараа өндийж босох гэж, цар тахлын дараа сэргэх гэж оролдож байгаа цементийн зах зээл тэр чигээрээ уналтад орно.

МАК, Монполимет гээд урд хөршийн цементтэй өрсөлдөж байсан бизнесүүд уналтад орох гэж байна. Баруун таван аймгийн цементийн зах зээлийг тэр чигээр нь хангах, барилгын үнийн өсөлтийг хазаарлах төрийн бодлогын хэмжээний хамгийн том төслөө тэд нэг улстөрчийн ашиг сонирхол орсон байх гэсэн үндэслэлээр нурааж хэрхэвч болохгүй биз дээ. Энэ бол явах ёстой бүр төрийн дэмжлэгтэй явах том төсөл. Тэгж байж баруун аймаг ОХУ-аас эрчим хүч, дэд бүтцийн хараат байдлаасаа аль нэгнээс гарч чадна. Дарханы төмөрлөгийг анхлан хувийн хэвшил  2014 онд концессын гэрээгээр авах үед төрийн өмчит байсан энэ үйлдвэр 39 тэрбумын өртэй байсан нь үнэн шүү дээ.

Хуучин технологиор ажилладаг үйлдвэр нь үндсэндээ зогсчихсон байсан нь ч бас үнэн. Харин “Кью Эс Си” аваад шинэ үйлдвэр барьсан, шинэ системээр явсан. Үүнийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд тэднийг магтаж, өмгөөлөх шалтгаан огт алга. “Төрд өртэй байгаа нь бидний үнэн. Түүнийгээ төлөөд ажлаа хийе” гэж албан бичгээр хандлаа. Төр харин дээрмээ болиод хамтарч ажиллах л чухал баймаар. Бодит үнэн л энэ. Эргээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр авлаа гээд өмнөх шигээ дампууруулахгүй, хаалгыг нь цоожлохгүй гэх баталгаа хаана байна вэ.

Төрийн өмчийг зах зээлийн өрсөлдөөнгүйгээр, хамгийн хямдаар борлуулж болдог гэсэн “нүүрсчин” Л.Наранбаатарын системээр улс төрийн оноо хайгаад эхэлвэл гангийн үйлдвэр лавтай ойрын 30 жилдээ босохгүй ээ. Дагаад өндийж байсан үйлдвэрүүд ч дампуурч, эргээд л төр, хятад гэсэн хоёрхон эх үүсвэрээс барилгын салбар хямд, чанаргүй бүтээгдэхүүн авч эхэлнэ. Орон сууцжуулах бодлого ч лөөлөө болно. Төр дээрэмчин, эсвэл хариуцлага ярьж байлаа ч ингэтлээ улайрч, уулгалан довтолж болохгүй. Өнөөдөр Хөтөл, Дархан, МАК, Монполимет, Ховд эко цементийг намнаж байгаа, тэд. Маргааш харин таны бизнес рүү гараа шургуулж, цагдаа нь буугаа тулгана. Тулгаад ч эхэлчихлээ. Тэр цагт хувьд гаргасан хүнсний хэдэн үйлдвэрээс бусдыг нь дампууруулсан картын барааны систем рүүгээ хүссэн ч эс хүссэн ч ухрах биз ээ.

Төрийн өмч хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүйг Тавантолгойд шахсан чанаргүй дугуй, Эрдэнэтийн агуулахад дүүрэн байсан бэлгэвч, Цахилгаан станцын дарга нарын авлигадаа авсан 100, 100 байр, машин, ТӨХК-иудын өр, чанаргүй зээл, тендерийн алдагдлаас хангалттай мэднэ.

“Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж байна хувьчилъя” гэж нэг гараараа шийдвэр гаргачхаад, нөгөө гараараа хувийн хэвшил биднээс ашигтай ажиллаж цөмлөөд байна, түүнийг нь дээрэмдэж аваад хямдруулъя гэсэн “гажигтай” шийдвэр гаргах хүн лавтай Ерөнхий сайд биш юмсан. Харин түүнийг тойрон хүрээлж буй хэсэг бүлгийн идэх шунал, түүний удирдаж буй намын эрх ашиг гэж харагдаж буйг нуух юун. Хуучнаа санагалзах, ардчиллыг нухчин дарах, төр бүхний дээр байх ёстой гэсэн, хатуухан хэлбэл “цаашдаа чөлөөт зах зээл гэж байхгүй ээ” гэдгийг тунхаглаж буй энэ үйлдэл, улайрал хэрээс хэтэрч буй учраас эрхгүй хөндөж бичмээр санагдлаа.

Барилгын салбарт 24 хувийн хүүтэй зээл гаргадаг байсныг зогсоосон ипотекийн хоёрдагч зах зээлийн систем рүү хүртэл уулгалан довтолж, төрд авна гэж “салхилна” гэдэг нь төр болж тоглож буй хэсэгхэн хүмүүс хэдийнэ хэм хэмжээ, хязгаараа давсны илрэл юм шүү. Үүнийг илүү сайжруулж, босгоод ирсэн арилжааны банк, МИК-тэйгээ ойлголцоод ажиллах зүйлийг төр лүү авчраад Сангийн яам, Барилгын яаманд өгье гэж ярина гэдэг бол дэмийрэл.

Банкны энэ том, хувийн хэвшлийн нуруун дээр 16 жил явж ирсэн системийг төр өөртөө наачихвал ойрын 10 жилдээ лав төрийн хүнд сурталд баригдаж, барилгын борлуулалт зогсож, дампуурна гэдгийг хатуухан ч гэлээ сануулчихъя. Төр дээрэмчин биш дэмжигч байж, хүчинддэг ч биш хүчиндүүлэхээс нь авардаг болсон цагтаа л  цар тахлын дараах шинэ сэргэлтээ ярих нь зүйтэй хэмээн сэтгэж сууна аа.