ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх Солонгос, Кувейт Улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

O.Admin
2022-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэв.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс орноо сурталчлан таниулахад онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа.

Мөн суугаа орондоо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бололцоот бүх хэлбэрээр дэмжин сэтгэлтэй, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.