ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Тамгагүй АН" ба шалдан хоёр

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-20

Их зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзсэн сэтгүүлч найз маань “АН-ын тамга ингээд алга болчихсон юм байна шүү дээ” хэмээн маазарч билээ. Тэрхэн үедээ наргиан болгож, инээгээд өнгөрсөн ч тэнд өрнөж буй жүжгийн үйл явдлаас ч эмгэнэлтэй бас инээдэмтэй атлаа үнэн жүжгийг Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнэгүй тоглов.

“...Төр хувцсаа тайчин хаяж

Түмний дунд шалдан явдаггүй...” гэдэг шиг

Ардчилсан намынхан аль хэдийнэ хамаг хувцсаа тайлан хаяж нүцгэлчхээд ард түмэн, АН-ын мянга, мянган гишүүдийнхээ өмнө хоёр жил шалдан явлаа. Харин эрх мэдэл албан тушаалын төлөө улайран тэмцэлдэх Арчуг хаан, Эгэрэг түшмэл шиг намынхаа хөгшчүүдийг АН-ын залуус нь “Хаан шалдан байна” гэж хэлж чадахгүй даган дуурайж, дагалдан баяссаар намынхаа үлдсэн жаахан нэр хүндээр туг тахиж орхилоо.

Үндсэндээ өнгөрсөн хоёр жилийн турш хөшигний араас залуусаа хөдөлгөж байсан хоёр нөхөр ДБЭТеатрын тайзнаа “Тамгагүй төр” тавигдахтай зэрэгцэн АН-ын тамганы төлөөх зодооноо ил болгож, ард түмний өмнө нүцгэн үнэнээрээ гарч ирэв. Тэд бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар. Тоолбол нас чацуу, төөлбөл бие ч бас чацуу. Нэг нь англи, нөгөө нь орос хэлтэй. Нэг нь бизнесээр нөгөө нь харин төрөөр баяжсан. Хууль шүүхээр дутуугаа нөхдөг гээд тэр хоёрт нэгнээ үгүйсгэх, давж гарах зүйл даанч үгүй дээ. Хэн хэн нь намаа самарсан, улсаа ч бас самарсан. Өс хонзонгийн улс төр гэж чухмаа юу байдгийг ч хангалттай харууллаа, тэд. Х.Баттулга спортод, Ц.Элбэгдорж харин урлагт ээлтэй.

Ийм хоёр хүний төр булаалдсан жүжиг найман жил Монгол Улсыг самарсан бол өдгөө намынхаа тамганы төлөөх зодоон болж, өөр өөрсдийнхөө үнэт зүйл, үзэл бодол руу нулимж, намын нөхдийнхөө итгэл үнэмшлээр хүртэл “эго”-гоо тэжээх тэнэглэл болон хувирав.

Яг л Хүннү төрийн тамгыг булаалдсан хаан, түшмэл хоёр шиг. Үнэнийг олж харах билгийн мэлмий нь сохорч тамганы төлөө төрсөн гэж өсгөсөн үрсээ хүртэл хөнөөх “муйхарлал” шиг цөвүүн үнэн. Жүжигт харин төрөө ариун байлгах гэсэн Их хааны аугаа эр зоригийн түүхийг уран сайхнаар өгүүлэх бол амьдрал дээрх энэ хоёрын эмгэнэлт жүжигт эрх мэдэлд хүрэх гэсэн хязгааргүй шуналаа дэндүү үнэмшилтэй, эмгэнэлтэй тоглож буй нь харамсмаар.

Хамгийн гутамшигтай нь өвөө нарынхаа энэхүү эмгэнэлт жүжигт АН-ын залуус гол дүр бүтээж, хоёр талд хэмлэлдэж, зодолдож буйг харах хэчнээн эмгэнэлтэй вэ. Яг л эзнийхээ шидэж өгсөн цор ганц ясыг булаалдан хэмлэлдэх өлсгөлөн ноход шиг. Нэг хэсэг нь Дээд шүүхийн гадна, нөгөө хэсэг нь Хэлмэгдэгсдийн хөшөөний гадна “Тамгагүй АН”-ын төлөө зодолдож байна, тэд. Үе тэнгийн залуус нь улс орныг удирдаж, бодлого тодорхойлолцож, дэлхийн лидерүүдийн эгнээнд явж байхад АН-ын залуус харин П.Хашчулуун нийтлэлчийн дүгнэсэнчлэн "өлгийндөө өтөлж", ах нарынхаа сумны үзүүр болон дарцаглаж явах нь эмгэнэлтэй.

Хамгийн хоржоонтой нь төрийн тамганы төлөө төрсөн үрээ хөнөөх хаан, түшмэл хоёр шиг эрх мэдэлд хүрснийхээ төлөө тэр хоёр ч эдгээр залуусыг өчиггүй зайлуулж чадах нь цор ганц үнэн билээ л. Ардчиллын төлөө манлайлж, 60 гарсан ах нарыгаа жагсаалаас хасаж, шалдан явааг нь хамгийн тодоор хэлэх учиртай ч тийм зүрх, зориг тэдэнд даанч алга. Харин Монгол төрийн тэргүүнээс эхлээд хийж болох бүх л албан тушаалд Ардчилсан намын нэрээр очсон атлаа эрх мэдэлдээ ханахгүй, эргэж ноцон намаа самарч буй өвгөчүүл нь Төрийн ордонд байгаа улстөрчдөө хүртэл хоёр хуваажээ.

Нэг хэсэг нь Д.Ганбатын удирдлага дор “өнхөрч”, нөгөө хэсэг нь О.Цогтгэрэлтэй хамт хаана хүрэх, хаана очихоо ч мэдэхгүй намирч яваа. Твиттер, фэйсбүүкээр нь хүртэл талцуулж наадав. Намынхаа залуусаас гадна итгэл үнэмшлээ гээгээгүй ахмад гишүүдээ хүртэл зодолдуулж, “зулын гол бол” хэмээн шүүхийн гадна суулгаж, нэгнээ гурил будаагаар шившиглэх хүртлээ арчаагүйтэж байна,  АН-ынхан.

Ийм улстөрчид, ийм лидерүүдтэй нам 30 жилийн түүхтэй гэхээр гайхмаар бас ичмээр. Ийм хоёр хүнийг төрийн өндөрлөгт суулгаж явсан гэхээр эмгэнэмээр, гунигламаар санагдаж байгаа биз.

Ийм намыг дэмжиж, итгэж үнэмшиж явсан гэдэгтээ гутарч ичиж буй нь хэчнээн олон бол. Тиймдээ ч эзэнгүй орхиод, шалдан гүйлдэж буй сөрөг хүчний орон зайн дээр боловсролоос өөр гялтайх хүн чанаргүй ХҮН-ын хэдэн залуус таанц эргэж, юу хүссэнээ хийж, үйлдэж байх юм. Хүрэх ёстой зогсоол, очих ёстой газраа мэдэхгүй шунахайрч буй Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын хэнд нь ч АН-ын тамга очих ёсгүйг мянга, мянган гишүүд нь хүлээн зөвшөөрөх биз ээ. "Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул" гэгчээр их шуналд хөтлөгдсөн энэ хоёр эрхмийн хэнбугайд нь ч АН-ын тамга очвол Монголын ардчилал аюулд орох нь ээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь өмнөөс харж байгаад Аун Сан Су Чигийн хэлсэн “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой” гэдэг үг л энэ хоёрт тохирох нь гэдгийг өрнүүлж буй үйл явдлаараа тэд харуулчихлаа.

Хоёулаа л төрөөр дамжуулан өс хонзонгоо тайлж байсан үйлдлээ намаар дамжуулан хийж, ардчилалд хайртай мянга мянган хүний итгэлээр наадаж чадах муйхар ухаантнууд гэдгээ энэ өдрүүдэд өрнөж буй элэг хөшөөм атлаа эмгэнэлтэй үйл явдлаараа харуулсаар байна.

Болдогсон бол АН-ын тамгыг эхийн сүүнд биш юм гэхэд энэ хоёроос холын холд булахсан. Тэр хоёрын сүнс нь амирлахын цагт ардчилалд хайртай ард түмнийг мянга мянган дэмжигчдийг зөв залж, зөв удирдах намын дарга нь тамгатай, тамгагүй удирдаад явах биз ээ. Ийм зүйл бодож, бичиж суугаа нь инээдэмтэй ч ингэж бодуулж, бичүүлж буй хүмүүс нь бүр эмгэнэлтэй юм даа. Тамгагүй АН-ын зодоонд шалдан "тулалдаж" буй өвгөчүүлээсээ намаа салгах, өтөлсөн өлгийнөөсөө өндийж гарч ирэх залуу үеээ олооч, АН-ынхаан. Лавтай Дээд шүүх, Хэлмэгдэгсдийн хөшөөний гаднаас тэр үеийг олохгүй нь тодорхой юм байна.