ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-д АРВАН албан тушаал эзгүйрээд байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-30

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолоос үүдэн эрх баригч нам цөөнхийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалтыг хүчингүй болгов.

Хоёрдугаар ээлжийг хоолондоо оруулахад тээг садаа болж байсан Үндсэн хуулийн амин чухал заалтыг өөрчилсөн эрх баригчид өчигдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн баталж, шинэ танхим байгуулав. Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамнаас гадна эрхэлсэн яамгүй хоёр, Үндэсний хороо хариуцсан сайд зэрэг нийтдээ 22 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгууллаа. Ерөнхий сайд энэ удаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгуулж буй Засгийн газартаа мэдлэг туршлага дадлагыг чухалчилна гэдгээ хэлсэн бөгөөд ард түмэнтэй ойлголцож ажиллаж чадах туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлнэ хэмээн мэдэгдээд байлаа.

Тиймдээ ч УИХ-д хоёроос илүү сонгогдсон, нэг удаа сайдаар ажиллаж үзсэн улстөрчид түүний танхимд орж иржээ. Нэг талаараа мэдлэг туршлагаас гадна нөгөө талаасаа ирэх сонгуулиар эдгээр улстөрчдийн цөөнгүй нь залуустаа суудлаа тавьж өгнө гэсэн тохироогоор сайдын албан тушаалд авсан гэдгийг ч саарал ордонд ярьж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй олон ч гишүүн ирэх сонгуулиар нэр дэвшихгүй гэсэн тохироо хийж сайдын суудал авсан гэх мэдээлэл  байгаа юм.

Тэгвэл өчигдөр албан ёсоор УИХ-д танилцуулж, өнөөдөр 11.40 цагаас тангаргаа өргөж буй сайд нарын олонхи нь УИХ-д Байнгын хорооны даргын албан тушаал эрхэлж байсан билээ. Тиймдээ ч 62-ын бүлэг дотор сайдын суудалгүй хоосон хоцорсон цөөнгүй улстөрчид Байнгын хорооны даргын албан тушаал амлажээ.

Тухайлбал, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд томилогдсон Д.Амарбаясгалан намын дүрэмд зааснаар Ерөнхий нарийн бичгийн албан тушаал эрхэлж болохгүй бөгөөд түүний ажлыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар авч, харин ЗГХЭГ-ын даргаас огцорсон Ц.Нямдорж ЕТГ-ын даргаар ирнэ гэх мэдээлэл гарч эхэллээ. Мөн ХНХ-ын сайдаас огцорсон А.Ариунзаяа генсекийн албан тушаалд очно гэх мэдээлэл цацагдсан ч түүн шиг сул кандидат энэ том намыг удирдана гэдэг боломжгүй зүйл. У.Хүрэлсүх шиг шанаа өгчихдөг, Д.Амарбаясгалан шиг хахир хатуу генсекгүй л бол бүлэглэл фракцийн улс төр нь задарчих гээд байгаа учраас Я.Содбаатар хамгийн магадлал өндөртэй яригдаж байгаа юм.

Харин: 

-Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хуульзүйн байнгын хороо

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хороо

-ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо

-Спорт олимпизм, нийтийн биеийн тамир хариуцсан сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал нь Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга

-Эрчим хүчний сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга

-Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь Төсвийн байнгын хороог тус тус ахалж байлаа.

Эдгээр суларсан байгаа албан тушаалуудад Ерөнхий сайдын хувьд дан залуус буюу ирэх сонгуулиар өөрийн баг болгон авч орох шилдэг залуусыг томилно гэдгээ хэлжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн болон сайдын албан тушаалд ахиж дэвшихийн тулд мерит зарчмаар буюу Байнгын хороог эхэлж удирдаад дараа нь сайд гэх мэт зарчмаар явах ёстой гэж үзсэн байна. Гэсэн ч сайдын суудалгүй үлдсэн Сү, Хотын фракци тунчиг ууртай байгаа бөгөөд Байнгын хороодын даргын суудалд очихоор захиалгаа өгөөд эхэлжээ. Үүнээс гадна Хотын түгжрэл хариуцсан сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нь МАН-ын бүлгийн дэд даргын албан тушаалтай байсан. Үүнээс гадна Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа нь Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн орон тоонд ажиллаж байсан бөгөөд энэ албан тушаалыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад эс бөгөөс сайдын суудлаас буусан дан дээлтэй сайд нарын нэгэнд өгнө гэх мэдээлэл ч Төрийн ордонд дуулдаж байна.