ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Иргэний агаарын тээврээр зорчсон нь зардлыг тав дахин хэмнэсэн

O.Admin
2022-10-14

Ерөнхий сайд болон дагалдан явагсад ХБНГУ-ын нийслэл Берлин рүү МИАТ-ын онгоцоор явахдаа Улаанбаатар-Франкфурт чиглэлд нисэх хуваарьтай байсан онгоцоор явжээ. Иймд онгоц эхлээд Берлинд газардан, айлчлалын бүрэлдэхүүнийг буулгаад, Франкфуртад иржээ. Хуваарьт цагаас хоёр цаг хоцорч газардсан, зорчигчдын ачаа саатсан тул Франкфуртаас цааш дамжин нисэхээр төлөвлөсөн иргэдийн зарим нь онгоцноосоо хоцорч иргэдийг багагүй бухимдуулжээ.

Энэхүү асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал нь тус улсын канцлер Ангела Меркель 2016 онд Монгол Улсад хүрэлцэн ирснээс хойшхи төрийн өндөр түвшинд хийж буй анхны айлчлал юм. Энэхүү айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд нэн өндөр ач холбогдолтой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа үед тохиож байна. Монгол Улсын Засгийн газар дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг 5 дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм.

Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу" гэжээ.