ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн удирдлагууд Азийн хөгжлийн банкинд ажиллав

O.Admin
2022-10-26

Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудлыг хэлэлцэхээр Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна.

Айлчлалын багт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад албаны төлөөлөл багтсан юм.

 

Хуваарьт ажлын дагуу Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза болон АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез нартай албан уулзалт хийж, төслийн хэрэгжилтийн хугацааг хэлэлцлээ.

 

Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа ба Нийслэл хотын удирдлагын төлөөлөл энэ удаад эдгээр төслөөс гэр хорооллын дэд бүтэц, барилга байгууламж орон сууцны төслүүдийг онцолжээ.  Үүний үр дүнд тулгуурлан хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг шинэчлэх зорилгоор ажиллаж байна. Мөн улс орны онцлог болоод бүтээн байгуулалтын ажлын явцад ковид-19 цар тахлын нөлөөлөл хийгээд бусад орны туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.