ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Батлан хамгаалахын төв архивын таван лавлагааг е-mongolia.mn сайтаас авах боломжтой

O.Admin
2022-11-11

Батлан хамгаалахын төв архиваас таван төрлийн лавлагааг И-Монголиа системд нэвтрүүлсэн талаар БХЯ-наас мэдээлэл хийлээ. 

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэх юм.

Тус байгууллага нь иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байжээ. Батлан хамгаалахын Төв архиваас ᠎E-Mongolia системийн веб суурьт үйлчилгээнд үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тус системийн гар утасны аппликэйшн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагаа туршилтын хугацаандаа явж байгааг хэллээ. 

Батлан хамгаалахын Төв архиваас дараах таван лавлагааг цахимаар захиалга өгч хүлээн авах боломжтой:

  • Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951- 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;
  • Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;
  • БХЯ-ны харьяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;
  • 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж, дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;
  • Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой.

Үйлчилгээний алхам:

  • Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;
  • Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;
  • Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;
  • Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг  төлөх;
  • Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;

Иргэдээс ирүүлсэн хүсэлт нь тухайн байгууллагын ᠎E-Mongolia системийн админд очих ба хариуцсан чиглэлийн лавлагааны ажилтанд хуваарилж  хүсэлтийг шийдвэрлэж лавлагааг тухайн иргэнд биечлэн болон ᠎E-Mongolia системд цахим хувиар тухайн иргэний захиалгад хавсарган явуулж байгааг мөн хэлэв. 

"Үндэсний дата төв" УТҮГ төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 34-т заасны дагуу 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн тус хуулийн шилжилтийн үеийн зохицуулалтаар тоон гарын үсгийг түр хугацаанд олгогдохооргүй болсон.

Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаа хэвийн болсны дараа “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 8.1 дүгээр заалтын дагуу тамгыг орлох чадамжтай тоон гарын үсгээр лавлагааг баталгаажуулан иргэнд цахимаар дамжуулах ажлыг цаашид төлөвлөн ажиллаж байна.

Батлан хамгаалахын Төв архив нь Үндэсний ардчилсан хувьсгал ялсан үеэс /1921 оноос/ өнөөг хүртэлх Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс, бүртгэлд оруулах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргах өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага юм.