ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Сэлэм”-гүй Хүк

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-22

Жил орчмын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшиж байхдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцож, үг хэлсэн. Тухайн үед Ерөнхий сайд “сэлэм”-ээ хуйнаас нь сугална, авлига хээл хахуультай тууштай тэмцэнэ гэж хатуу мэдэгдсэн. “Хээл хахууль, авлигатай хатуу тэмцэнэ. Монгол төрийг муухай харагдуулж байгаа, монголчуудын амьдралыг доош татаж, улсын төсөв санхүүг будилаантуулж байна. Бидний амьдрал сайхан байхад хамгийн их саад болж байгаа зүйл бол авлига, хээл хахууль. Тийм учраас авлигатай тэмцэж ажиллана гэдгээ илтгэе” хэмээн хэлж байлаа. Мань эр Шадар сайд байхдаа нэг хэсэг “сэлэм”-ээ сугалаад, эргүүлсэн.  Түргэн тусламжийн машин шийдэж чадахгүй байна гэж өмнөх Эрүүл мэндийн сайдыг загнаж байлаа. Хилээр амьд адуу гаргахгүй байх үүргийг ч өгч байв.  Харин сайдад нэр дэвшихдээ ч “сэлэм”-ээ хуйнаас нь сугалж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг цавчихаа амлаж байлаа.

Сайд болсныхоо дараахан хэлсэн үгэндээ ч “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.  Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо. Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой” гэж хэлж байлаа. Түүнд “сэлэм” байна, удахгүй эргүүлнэ гэж хүн бүр итгэж байсан. Сайдын “сэлэм”-ний ирийг хүн бүр л магтаж, бахдаж, гайхаж байлаа. Сайд ч өөрөө “сэлэм”-тэй гэдэгтээ итгэсэн байх. “Би айхгүй байна, амиа алдахаас ч айхгүй” гэж хэлсэн удаатай.  

Харамсалтай нь, тэр хууртагдчихаж, эсвэл биднийгээ хуурчихаж. Хүк сэлэмгүй юм байна. Тэр Засгийн газрын тэргүүн болсноос хойш нэг ч удаа “сэлэм” эргүүлсэнгүй.  Харин үнсэлтийн олон төрлийг нэвтрүүлж, нялуун пиар хийлээ. Хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй, дарга, улстөрч, жолооч гээд үнсээгүй хүн түүнд үлдээгүй. Авлига, хээл хахуулийн торыг “сэлэм”-ээрээ тас цавчина гэж амласан ч одоохондоо хэрэгжүүлсэн юм алга. Авлигатай тэмцдэг газрынх нь дарга “Яахав ээ, яахав” гэсэн шилдэг ишлэлээрээ “од” болон гялалзаж явааг бодоход сайдад байсан “сэлэм” алга болсныг тэр мэдэж байгаа бололтой. Уг нь сайд “сэлэм”-ээ гаргаж ирээд эргүүлж, авлига, хээл хахууль, 60 тэрбум, оффшор данстай тэмцсэн бол өдийд нэг үр дүн гарах байлаа.  Энэ зун бороо хур элбэгтэй байсан. Үер ч их буулаа. Гай болж Монголд ганцхан байдаг, хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг аппарат үерийн усанд норж, гэмтсэн. Ганцхан байдаг, үнэтэй, ховор аппарат яагаад эмнэлгийн зоорийн давхарт, хамгаалалтгүй байсан нь сонин.

Нэгэнт аппарат эвдэрсний дараа харж хамгаалж, хариуцаж байх ёстой хүмүүс нь Ерөнхий сайдад “Усанд нороод эвдэрчихлээ. Засахад 400 сая төгрөг хэрэгтэй” гэж хэлэхэд тэр “сэлэм”-ээ эргүүлэх ёстой байсан. Сайдад “сэлэм” байгаа гэж итгэсэн хүмүүс ч гэсэн цахим ертөнцөд түүнийг яагаад ирт зэвсгээ хуйнаас нь сугалаагүй, зүгээр л гүлдийж суусан юм бол гэж гайхаж, тэвчээрийн чавхдас нь тасрахын аргагүй бөхийг магтана билээ. Эцэс сүүлд нь Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архи ууж, нэг нэгийнхээ амийг хөнөөсөн. Одоо л тэр “сэлэм”-ээ сугалах байх даа гэж бодсон тэгсэнгүй. Түүнийг “сэлэм”-ээ хайж байх зуур яамны удирдлагууд нь өөрсдөө хүсэлтээ өгөөд, “Төрд шударга ёс тогтоолоо.  Шинэ жишиг” энэ тэр гэж пиар хийгээд явчихлаа. Эрхэм сайд араас нь “баяртай” гэж хэлээд, үдэж өгөв. Тэгэхээр сайд яах аргагүй “сэлэм”-гүй юм байна. Түүнийг нь цөөнгүй хүн хэлж байгаа. Сайд ч өөрөө “сэлэм”-гүй гэдгээ ухаарсан ч хоосон хуйгаа зүүгээд явахаас өөр сонголт үлдээгүй байх. Магадгүй хуйнаасаа сугарсан “сэлэм” нь УИХ-ын нэг гишүүн ч байж болох. 60 тэрбум, авлига, хээл хахуультай тэмцэнэ гээд л туялзаад байгаа. Цавчиж чаддаг юм бол сайдын “сэлэм” байж гэж бодохоос. Одоохондоо бол сайд “сэлэм”-гүй л байна.