ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэнхэр алт: Усны салбарын үндэсний чуулганы онцлох тоо, баримтууд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-24

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

Чуулганаар дурдагдсан онцлох тоо, баримтуудыг багцлан хүргэж байна.

  • Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг.

  • Дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.

  • Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм.

  • Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3  бөгөөд үүний 98 хувийг гадаргын ус бүрдүүлж байна.

  • Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.

  • Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг.

  • Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтсон.

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10.2 сая мод таригдаж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тонн хүрч, тарьц, суулгацын нөөцийг 51,2 саяд хүргэсэн нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

  • Монгол орны гадаргын усны хуримтлал бий болгох, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг боловсруулж, нийгэм, эдийн засаг, экологийн хувьд ач холбогдолтой 10 байршлыг сонгосон. Дээрх 10 байршил нь 3,6 тэрбум.м3 усны нөөцийг бий болгох боломжтой.