ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Эдийн засгийн өсөлтийн боломжийг хангаж, иргэдээ дэмжинэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-09

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:-Төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин тодорхой хэмжээний яаралтай шийдвэрлэх ёстой тэтгэвэр, халамж, цалин, хүүхдийн мөнгө, түгжрэлийн асуудлыг хамтад нь шийдлээ. Эдийн засгийн өсөлтийг ард түмэнд ингэж хүргэх боломж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:-Эрүүл мэндийн санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. С.Чинзориг сайдаас алслагдсан сумдын эрүүл мэндийн асуудал тодотголд орсон уу. Харин аймаг, дүүргийн ажилчдын эрүүл мэндийн байгууллагын цалин хангалтгүй байна. Тодорхой ямар хэмжээгээр нэмэгдэж байгааг хэлэхгүй юу.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:-Төсвийн тодотголоор эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн  санхүүжилтэд өөрчлөлт орно. Алслагдсан аймаг, сумдын ажлын гүйцэтгэлд өөрчлөлт орж байгаа бөгөөд долдугаар сарын 1-нээс нэмэгдэж байна. Цаашид төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, санхүүжилт илүү гарвал шаардлагатай багж хэрэгслээ авах, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжийг хангана. Эрүүл мэндийн байгууллагын цалин хамгийн багадаа тодорхой хэмжээгээр буюу дундажаар 43 хувиар нэмэгдэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:-Тэтгэвэр нь нэмэгдээгүй нэг ч хүн үлдэхгүй. Тодорхой тооцоолол нь өөр учраас нэмэгдлийн үнэ нь өөр гэдгийг хэлмээр байна. 2014 оноос хойш хэрэглэж амжаагүй итгэлцлүүрийн тогтолцоогоор зөрүүг арилгаж байна. Энэ бол сүүлийн гурван жил өрхийн орлого багассан. Энэ бол Монголынх биш дэлхийн нийтийн асуудал болоод байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн боломжийг хангаж, иргэдээ ингэж дэмжиж байгаа. Мэдээж тодорхой сөрөг арга хэмжээ ирнэ. Үүнийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Гэхдээ захиргааны болон эдийн засгийн арга хэмжээгээр асуудлыг шийдвэрлэх юм. Энэ онд бид 36 мянган тонн нүүрс экспортод гаргахаар зорьсон бол төсвийн тодотголоор 50 мянган тонн болгож, нэмэгдүүлж байна.