ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Авлигаар эхэлсэн засаглал аллагаар дуусав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-04

Хэтэрхий харгис сонсогдож байгаа биз. Гэвч бодит байдал ийм л байсан юм. “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” хэмээн амлалт өгч 65 суудал авах үеэс л төрийн албан тушаалыг “60 тэрбум”-аар наймаалцсан гэх авлигын дуулиан эхэлж билээ. 2016 оны сонгуулийн үеэр Ардын намын дарга асан М.Энхболдод НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар төрийн албыг худалдан мөнгө босгох талаар мөн У.Хүрэлсүхийг аалз болгож, хөлийг нь тайрах тухай танилцуулж буй бичлэг олон нийтэд ил болж билээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эвлүүлэг, гүтгэлэг хэмээн мэлзэж, бүр хэргийг хэрэгсэхгүй болгон хааж ч үзлээ, тэд. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 04-нд Нийслэлийн прокурорын газар “Мэдээллийг дэлгэсэн иргэн Г.Доржзодовын хийсэн бичлэг нь хангалттай нотлох баримт болохгүй. Бичлэг хийсэн гар утас нь байхгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. ШШҮХ-ийн дүгнэлт ч “Бичлэгт ярьж буй хүн нь Ц.Сандуй мөн ч гэсэн “suudal_une.mp4” гэсэн бичлэг нь эвлүүлэг байсан” гэх дүгнэлт гаргасан нь хэргийг хаах гол үндэслэл болсон гэдэг.

Прокурорын байгууллага нэгэнт хэргийг хаасан учраас МАН-ынхан ч энэ хугацаанд хангалттай попорлоо. АН-ын улстөрчдийн явуулга, намын нэр хүндэд халдах гэсэн эвлүүлэг мэтээр булхайгаа нуухыг оролдсон ч эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Өрсөлдөгч намынх бус өөрийнх нь намын гишүүн өдгөө 60 тэрбумын хэрэг үнэн байсныг нотлох гэж улайрч явна. Бүр олон улсын шүүхээр асуудлыг хэлэлцүүлэхээр улайрч буй нь энэ бүхэн эвлүүлэг байгаагүйг нотолж байгаа хэрэг. УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсондоо харамсч буйгаа илэрхийлж, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх эсэх нь цаг хугацааны асуудал болов. “Тодорхой шалгах ёстой мэдээ, мэдээлэл байна” гэсэн үндэслэлээр 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг АТГ-аас хэдхэн өдрийн өмнө онцолж мэдэгдсэн билээ. Авлигын засаглал ингэж эхэлсэн түүхтэй. Өмнө нь хэргийг шалгахдаа 1444 албан хаагчаас төрийн албан тушаалд мөнгө өгч очсон эсэх талаар асуулт асууж, Ц.Сандуй, А.Ганбаатарын нарын дансыг шалгаж, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Д.Амарбаясгалан нараас мэдүүлэг авсан нэр зүүгээд өнгөрч байлаа.

Харин энэ удаа Тагнуулын байгууллага илүү даацтай, өргөн хүрээг хамарсан мөрдлөг явуулж гэмээнэ авлигын дуулиан нот­лог­дож, Ардын на­мын засаглал, тэд­ний 65 суу­дал ямар үнээр олд­сон нь ил бо­лох билээ. МАН засаглаж эхэлсэн хоёр жил гаруйн хуга­цаанд онцлох ажил юу байсныг олон дахин нур­ших хэрэггүй биз. Намын дар­гаа сольсон, Засгийн газ­раа унагасан нь хамгийн том ажил байсан юм. Энэтхэг, Хятадын зээлээс хэд хэдэн том бүтээн байгуулалтыг эхлүүлэх шав тавилаа. Хятадын хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүр босголоо. Одоо Сонсголонгийн гүүрийг өргөтгөж байна. Дахиад л БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээр шав тавив. Хатуухан хэлэхэд энэ улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар ярих цаг ч болчихоод байна. МАН засагласан хоёр жил гаруйн хугацаанд байх ёстой зүйл байрнаасаа хөдөлж, савнаасаа олон зүйл халилаа. Төрд тангараг өргөсөн хэн ч болов өглөө ажилдаа ирж, орой гэртээ харьдаг нь жам ёсны асуудал. Ажил хийсэн хүн цалингаа авдаг нь хууль. Гэтэл төрд төлөөлсөн улстөрчөө ажилд нь ирүүлэхийн тулд, тэдэнд цалин өгөх гэж хуулиар далайлгадаг болжээ. Ажилд нь ирүүлэх гэж албадлагын хууль санаачилж үзлээ.

Төрийн байгууллагад архи уух байтугай, тэнд хадгалах ёсгүй гэдгийг бүгд л мэднэ. Хувийн хэвшлийн олон мянган байгууллага дүрмээ мэддэг, бусдаар заалгахгүй  мөрддөг. Харин төрийн байгууллага нь архины үүр уурхай болсныг өөрсдөө нотолж, яам агентлагаас архины шил цуглуулах ажлыг Засгийн газар нь хийж байна. Архины шалгалт нь удахгүй орон нутагт үргэлжлэх аж. Арай л шившигтэй хэрэг биш үү. Оффисын ажилтныхаа эрхэлсэн ажлыг шалгах ёстой атал уусан архиных нь шилийг тоолж, тангараг өргөсөн албан хаагч архи уусан уугаагүйгээ нотлох хэмжээнд төрийг доройтуулж чадлаа, МАН-ынхан. Арай ч ийм байгаагүй юм.

Өглөө гэрээсээ цүнхээ бариад ажилдаа гарсан залуу үдэш нь гэртээ харьсангүй. Хамгийн жаргалтай байдаг ажилдаа, албан байгууллага, хамт олон дундаа очсон ч эргэж ирсэнгүй, тэр. Төрийн албан хаагч ажлаа хийх гэж бус амиа алдах гэж ажилд явдаг нийгмийг бий болгоно гэж хэн санах билээ. Ажил үүргийн чиглэл авах гэж даргынхаа өрөөнд орчихоод амиа алдчих юм гэж хэн санах юм бэ. Төрийн албан хаагчид айдастай байна. Өглөө ажилдаа оччихоод орой амьд харина гэх итгэл ч байхгүй болчихлоо. Төрийг ингэж доройтуулж чадлаа. Албан тушаалын ялгаа гаргаж, нэг даргынхаа тархийг бяцартал нүдсэн албан хаагчийг нөгөө намынх гэсэн увайгүй улс төр хийх хүртлээ арчаагүйтжээ. Төмөр замд нь осол гарч, төрийн албан хаагч нь амиа алдчихаад байхад дэд сайд нь жаргалтайгаар инээмсэглэн ажлаа өгч, “хэлмэгдсэн иргэн” хэмээн өөрийгөө тодорхойлж суухыг хардаг азгүй хүмүүс юм аа, бид. Төрийг засаглах эрх авахдаа МАН авлигаар эхэлсэн юм. Харин эрх барьж дуусахдаа аллагаар дуусгалаа. Үүнээс илүүг үзэхгүй юмсан. Архи тоолсон, авлигаа нуусан, аллага үйлдсэн засаглалаас ахиад юу ч хүлээх хэрэггүй нь тодорхой л доо. Хүлээхийг ч хүсэхгүй байна.