ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж сайд аа, цамц чинь дууссан уу

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-05

“Би “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ. Надад амбиц байхгүй. Монголын ард түмний зүрхэнд шин­гэсэн “Эрдэнэт” үйлдвэрийг луйварчдын гарт алдчихгүй юмсан гэсэн ганц л мөрөөдөлтэй” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2016 оны арав­дугаар сард ярьж байлаа. Тэр үед УИХ-ын дэд дарга байсан юм.  Ерөөс 2016 оны сонгуулийн дараа Ц.Нямдорж сайдын ярьсан ганц сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувь.  2016 оны есдүгээр сарын 29-ний өдөр хэвлэлийн хурал хийж, ““Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.  Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компани 224 гаруй тэрбум төгрөгийг татвар төлчихөөд байхад “Эрдэнэт” 10 дахин багыг төл­жээ. Яагаад нэг нь ийм бага төлдөг билээ. Эрдэнэтийн мөнгөөр энэ үйлдвэрийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна” хэмээн мэдэгдэж, “цамцаа урж” эхэлсэн хүн. Гэвч энэ мэт мэдэгдлээс яг жилийн дараа буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараахан үйлд­вэртэй холбоотой асуудлаа тайлбарлах шаардлагатай болж байлаа. Тагнуулын Ерөн­хий газрын дарга асан Б.Хурц хэвлэлийнхнийг цуг­­луулж, “Ц.Нямдорж “Эрдэнэт”-эд шахаа хийдэг, бүлэглэлтэй” хэ­мээн мэдэг­дэж байлаа. Үйлд­вэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал “үзэлцэнэ” гэж хэлсэн хүнд гэнэтийн цочролд орохоор үйл явдал байсан байх.  

Мэдээж тайлбараа хийсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Тэр бол нам дамжсан бүлэглэлийн гол зохион байгуулагч” гэх мэтээр хариу барьсан юм. Тухайн үед 42 сая ам.доллар халаасалсан н.Анхбаяр гэдэг нөхрийг мэдэхгүй, танихгүй хэмээж, хэдхэн асуултын дараа “Миний багшийн хүүхэд” гэж ярьж, самгардаж л байлаа.  Хэдийгээр үйл явдал янз бүрээр өрнөж байсан ч мань эр “Эрдэнэт”-ийн төлөө тэмцсээр байсан юм. Тэр хугацаанд хэдэн цамц урагдаж дууссаныг хэн мэдлээ.   Хууль зүйн салбарын сайд болсноосоо хойш бүр ч идэвхтэй ярьсан юм. Тэр өдрүүдэд Ц.Нямдорж сайд нэмж хэчнээн ч цамц элээсэн юм бол. Ядахад “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газраар шийдвэр гаргуулж, ард түмэнд хувьцаа хэлбэрээр тараана хэмээн “шоудаж” байхтай зэрэгцээд 51 хувийн асуудал сөхөгдөв. Одоо л “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө цамцаа урах нь битгий хэл цээжээ зулгартал зүтгэнэ дээ гэж бодож байтал таг болчихлоо. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Ц.Нямдорж сайд “Эрдэнэт” үйлдвэрийн талаар бараг яриагүй. Чуулганы завсарлагаанаар ч ганц үг амнаасаа унагасангүй. Энэ зуур Монгол Улс “саалийн үнээ”-гээ салхинд уруудуулж алдахад хүрээд байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг гадаадын банкинд барьцаанд тавьж, зээл авсан Ш.Батхүү нарын балгаар шүү дээ. Лондоны Арбитрын шүүхэд гурван ч удаа ялагдал хүлээчихлээ. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг ч битүүмжилж магадгүй болчихсон. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гарлаа. Хэрвээ эд хөрөнгө битүүмжлэхээ хүрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал зогсох гамшиг нүүрлэнэ.  “Эрдэнэт” үйлд­вэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ” гэж хэлж байсан атлаа яагаад үзэлцсэнгүй вэ. Сайд аа, цамц чинь дуусаагүй л байна уу.

Сүүлчийн цамц чинь урагдчих гээд байгаа бол ард түмнээсээ хандив гуйж, хэдэн ширхэг цамц авсан дээр байх аа. Эсвэл ядарсан иргэдээ бодвол хөрөнгө мөнгөтэй хүн учраас чингэлэг дүүрэн цамц авчихаад, урагдаж дуусахгүй үйлээ үзэж явна уу. “Надад амбиц байхгүй. Монголын ард түмний зүрхэнд шингэсэн “Эрдэнэт” үйлдвэрийг луйварчдын гар алд­чихгүй юмсан гэсэн ганц л мөрөөдөлтэй” гэдэг үгэндээ одоо л хүрэх хэрэгтэй байх юм. “Эрдэнэт” үйлдвэр гэдэг ганцхан 49 хувийн асуудал биш. Нэг задарсан бизнесмэний гадаадын банкны барьцаанд тавьсан гэгдэж буй 51 хувь ч хамаатай. Энэ хоёр хувь нийлж байж “Эрдэнэт” үйлдвэрийн тухай ярьж болно.  Тэгээд ч та “Би 49 хувийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж хэлээгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө гэж хэлсэн шүү. Одоо “Эрдэнэт” чинь 49 хувь ч үгүй, 51 ч үгүй л болчихлоо. Гэтэл Ш.Батхүү гэгч хэргийн эзэн, хэнгэргийн дохиур батлан даалтад гараад ч байгаа юм шиг, мөрдөнд ороод ч байгаа юм шиг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан хүмүүст ямар ч “хог” наалдсангүй. Тэр үед Ерөнхий сайд байсан хүн одоо хаана ч яваа юм, бүү мэд. 51 хувийн асуудал хурцдаж, Монгол Улс онц их хэмжээний хохирол амсаж байхад “сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ” гэсэн Хууль зүйн сайд нь таг чиг.  49-өө ч, 51 хувиа ч мартсан байна гэж баймааргүй юм. Эсвэл намынхаа журмын нөхөдтэй цамцаа урагдтал тэмцэлдэх болчихоод, “нэрээ татсан” байж болох л юм.