Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийв.
Тэрбээр, "Хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналын дагуу шийдвэрлэх асуудлыг надад даалгалаа. Энэ ордын талаар товч мэдээлэл өгье. Ховд аймгийн Мянгад суманд орших хоёр ордыг “Монголиан нэшнл рийр ийрт” компани эзэмшдэг. Харин энэ компанийн 100 хувийг Худалдаа, хөгжлийн банк эзэмшиж байна. Анх тусгай зөвшөөрлүүдийг 2001 ба 2004 онд олгосон юм билээ. Нөөцийн ангилалд газрын ховор элемент гэж бүртгүүлсэн.
268 сая тонн хүдрийн нөөцтэй. Монгол Улсын хэмжээнд их том орд гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөцийн 30 орчим хувь дангаараа энд байгаа. УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалт явуулж, улмаар үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гарсан юм билээ.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байлаа. Иймд өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор тус компанийн Халзанбүргэдэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоосон. Цааш үргэлжлүүлэх эсэхийг нутгийн иргэдийн саналд үндэслэн шийднэ. Иргэд зөвшөөрөхгүй бол, эргээд хурлаар асуудлыг хэлэлцэнэ. Хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Олборлолт явуулж байгаа юм шиг иргэдэд ойлголт төрүүлсэн байна лээ" гэлээ.